БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Төрийн думын дарга Вячеслав Володинийг 11-р сарын 22-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Орос бол бие биенийхээ хамгийн том хөрш, бүгд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой юм. Энэ онд би ерөнхийлөгч Путинтэй хоёр удаа нүүр тулан уулзан гүнзгий харилцаж, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа болон олон салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар олон шинэ нийтлэг ойлголтод хүрсэн юм. Ирэх жил Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Хятад улс Оросын талтай хамт байж, үүрдийн сайн хөршийн найрамдалт байдал, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа зэрэг бүхий л хоёр талт харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн, хоёр орны хөгжил цэцэглэлтэд шинэ хөдөлгөгч хүч сэлбэж, дэлхийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд илүү тогтвортой хүчин зүйл хангахад бэлэн байна” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ “Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Хятад, Оросын харилцааны тогтвортой байдал, цаашдын хөгжлийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм. ОХУ-ын Төрийн Дум, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай хууль тогтоох туршлага солилцох ажлыг эрчимжүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллагын тусгай хороод, парламентын найрамдлын бүлгүүдийн үүрэг оролцоог бүрэн бадруулж, хоёр талын хамтын ажиллагаанд хууль эрх зүйн нэн бүрэн дүүрэн дэмжлэг хангаж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын уялдаа холбоог баталгаажуулж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, G20 зэрэг олон талт тавцан дахь харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэжээ.
