Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 06-ны өдөр Хятад, Их Британийн худалдааны “Мөс хагалах аялал”-ын 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан баярын захидал илгээв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "70 жилийн өмнө Жэк Перригээр төлөөлүүлсэн Их Британийн бизнесменүүд шинэ Хятад улсын гэрэл гэрээт хэтийн төлөв, Хятад, Их Британийн хамтын ажиллагааны асар их боломжийг олж харж, шантаршгүй зориг шийдвэрээр үзэл ойлголтын "мөсийг хагалж", Хятад, Их Британийн худалдааны харилцаа солилцооны замыг нээсэн байдаг. 70 жилийн туршид хэдэн үеийн “мөс хагалагчид” Хятад улсын хөгжил өөрчлөлтийн их үйл хэргийн гэрчүүд болж, идэвхитэй оролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааны явцад өөрийгөө хөгжүүлж чадсан юм. Хоёр талын хамтын хүчин чармайлт дор Хятад, Их Британийн худалдаа шинээр цогцлон бий болж, эдүгээ эргэлт нь 100 тэрбум ам.долларыг давав. Хятад, Их Британийн хамтын ажиллагаа хоёр орны ард түмэнд ашиг тустай төдийгүй дэлхийн энх тайван, хөгжилд ч хэрэгтэйг бодит үнэн гэрчиллээ" гэжээ.
Ши Жиньпин "Өнөөдрийн дэлхийд олон зүйлийн сорилтууд давхцан, эдийн засгийн даяаршил сөрөг урсгалд өртөж байна. Алсыг харсан үзэл бодол, нээлттэй хамтын ажиллагаа, эрмэг зоригтой "мөс хагалах" үзэл санааг цаашид өвлөн залгамжилж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх шинэ төлөв байдлыг нээж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг эмхлэн байгуулж, Хятад, Их Британийн найрсаг хамтын ажиллагааг ахиулахад илүү их хувь нэмэр оруулахыг Хятад, Их Британийн олон салбарын ухаантан зүтгэлтэн нарт хүсэж байна" хэмээн онцолжээ.
Хятад, Их Британийн худалдааны “Мөс хагалах аялал”-ын 70 жилийн ойг тэмдэглэх ажиллагааг мөн өдөр Хятадын олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Их Британийн 48 корпорацийн групп, Их Британи, Хятадын худалдааны нийгэмлэг хамтран Бээжинд зохион байгуулав.
