
Хятад, Орос, Энэтхэгийн удирдагчдын албан бус уулзалт 11-р сарын 30-нд Аргентины Буэнос Айрес хотноо болов. Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын ерөнхийлөгч В. Путин,
Энэтхэгийн ерөнхий сайд Н. Моди нар гурван орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцож, гурван орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэн, нийтлэг ойлголтоо нэгтгэж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулах талаар санал нэгдсэн байна.
Ши Жиньпин: Хятад, Орос, Энэтхэг бүгд чухал нөлөө бүхий орон бөгөөд харилцан стратегийн хамтын ажиллагааны чухал түнш юм. Гурван орон өргөн дэлгэр хамтын ашиг сонирхол, адилавтар хөгжлийн зорилттой, бүс нутаг тэрчлэн дэлхийн ирээдүйн хөгжилд чухал хариуцлага үүрч яваа юм. Өнөөгийн нөхцөлд, Хятад, Орос, Энэтхэг гурван орны хамтын хөгжил, нягт хамтын ажиллагаа нь дэлхийн тогтолцооны өөрчлөлтийн улам чухал тогтвортой шинж, тодорхой хүчин зүйл нь болж байна гэжээ.
В.Путин: Орос, Хятад, Энэтхэг харилцан найрсаг хөршүүд, эрх тэгшээр харилцаж, харилцан хүндэтгэдэг. Өнөөгийн дэлхийн нөхцөлд, Орос, Хятад, Энэтхэг гурван орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь тус тусын ашиг сонирхолд тустай бөгөөд дэлхийд эерэг ач холбогдолтой юм. Гурван орон олон улсын төв шударга систем байгуулахаар хичээн зүтгэж байгаа бөгөөд дэлхийн энх тайван тогтвортой байдлыг ахиулан, санхүү эдийн засгийн салбар цаашлаад Их хорийн хэлэлцэх хөтөлбөрийн хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Европ Азийн эдийн засгийн холбоо, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллах ёстой гэжээ.
Н.Моди: гурван орон маань дэлхийд нүүрлээд байгаа гол асуудлуудыг авч хэлэлцэх нь маш чухал ач холбогдолтой юм. Олон улсын байдалд тодорхойгүй байдал олширч, ганц талт үзэл, жижиг эвсэл бүлэг өндөлзөх болж байгаа нь олон талт үзэлд сорилт болж байна гэжээ.
