solongonews
”Нэг бүс нэг зам” Хятад болон дэлхийн мөрөөдлийг холбож байна
2017-12-28 16:52
2017 оны олон улсын дипломат харилцаанд хамгийн олон дурдагдсан үг бол ”Нэг бүс нэг зам” юм.

 2017 онд Бээжин хотод "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд форум амжилттай зохиогдож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ санаачилгыг шийдвэртээ хамруулан, Гвадарт усан боомт, Момбаса-Найроби чиглэлийн төмөр зам, Хятад-Мьянмарын газрын тос дамжуулах хоолой зэрэг төлөөлөх чанартай бүтээн байгуулалтын төсөл хэрэгжсэн юм. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө анх дурдсан "Нэг бүс нэг зам" санаачилгад улам олон орон нэгдэж, олон улсын нийтлэг ойлголтыг төвлөрүүлсэн, хамгийн нэр нөлөө бүхий төсөл, хамтын ажиллагааны индэр болсон байна.

"Олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс нэг зам" дээд форумын дугуй ширээний хурал нээгдэж буйг та бүхэнд зарлан мэдэгдье."

2017 оны 5-р сард Бээжингийн Янчи Хү нуурын хөвөөнд олон улсын хамтын ажиллагааны "Нэг бүс нэг зам" форум амжилттай болж, гадаадын 29 орны төр засгийн тэргүүн зэрэг нийт 130 гаруй орон, олон улсын 70 гаруй байгууллагын 1500 гаруй төлөөлөгч оролцон, Хятад улстай хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцсэн бол Хятад улсын дарга Ши Жиньпин хурсан зочид төлөөлөгчдөд "Нэг бүс нэг зам" санаачилгын эх үүсвэрийн тухай нарийн тайлбар хийсэн юм.

2013 онд "Нэг бүс нэг зам" санаачилгыг анх дэвшүүлснээс хойш Хятадын тал "Хамтран зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах" зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөж, дэлхийн олон оронтой идэвхтэй хамтран ажилласан юм. Санаачилга төдий байсан "Нэг бүс нэг зам" дөрөвхөн жилийн дотор бодит ажил болж хэрэгжсэн юм. "Нэг бүс нэг зам"-ыг хэдийгээр Хятад улс санаачилсан боловч даян дэлхийн нийтийн хөрөнгө, хамтын төсөл мөн гэж Ши Жиньпин дарга олон удаа онцолсон билээ.

"Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт бол хөгжлийн өөр нэг загварыг шинээр хэрэгжүүлж ажиллах явдал биш, харин одоо байгаа хөгжлийн стратегиа холбож, давуу талаараа харилцан нөхөх явдал юм. Ази, Европ, Африк, Америк тивийн аль нь ч "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагаанд оролцож болно. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг бид хамтдаа зөвшилцөж, үр өгөөжийг нь хамтдаа хуваалцах болно.”

Хятад улсын удирдагчийн өнгөрсөн нэг жилийн дипломат ажиллагааг эргэн харахад, "Нэг бүс нэг зам" нь Хятад улсын 2017 оны дипломат харилцаанд бүрэн нэвтэрч, заримдаа хамгийн чухал зүйл болсон төдийгүй, гадаадын төр засгийн удирдагчдын анхаарлын төвд байсаар ирлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин:
"Европ, Азийн эдийн засгийн холбоо, Нэг бүс нэг зам, ШХАБ зэрэг үр ашигтай механизмаар дамжуулан Европ, Азийн нэгдмэл хөгжлийг ахиулж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид Нэг бүс нэг зам санаачилга, үүнийг хэрэгжүүлэх бодит аргыг ихэд чухалчилдаг. Ирээдүйдээ бат итгэлтэй байгаа төдийгүй талуудтай иж бүрэн түншийн харилцаа тогтоохыг хүсэж байна” гэжээ. Италийн ерөнхийлөгч Сергио Маттарелла: "Бид нэг бүс нэг зам санаачилгыг их сонирхож байна. Италийн гарам боомт, бараа гүйлгээний систем дээд хэмжээнд үр ашигтай ажиллан, Хятадын Торгоны замыг Европын төв нутагт хүргэх эцсийн баталгааг өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна, Италийн гарам боомтын систем Торгоны замыг Төв Европ, Дундад Дорнодод хүртэл өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

"Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн байдлаас үзвэл, энэ жил маш чухал 2 ажил хийсэн юм. Энэ жилийн 3-р сард, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2344 тоот тогтоолыг санал нэгтэй баталж "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах” ухагдахууныг анх удаа албан ёсоор хэрэгжүүлж, "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад аюулгүй байдлын найдвартай орчин бүрдүүлэхийг талуудад шаардаж, хөгжлийн бодлого, стратегийн уялдааг эрчимжүүлэн, дэд бүтцээр холбогдох ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулсан юм. Энэ жилийн 10-р сард Бээжин хотноо дэлхий нийтийн анхаарлыг татсан ХКН-ын XIX их хурал хуралдаж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ХКН-ын дүрэмд албан ёсоор бичиж оруулсан юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл