Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас аврах ажлын талаар Хятадын дээд удирдагч Ши Жиньпин чухал заавар өглөө.
"Дусуруй" хар салхины нөлөөгөөр их хэмжээний бороо орсноор Хятадын умард нутаг, Шар тэнгис болон Хуайхэ гол үерлэж, байгалийн гамшигт өртөн, Бээжин, Хэбэй зэрэг газарт олон хүн эндэж бэртсэн байна хэмээн Ши Жиньпин онцлон тэмдэглээд "Сураггүй болсон, үерт саатсан хүмүүсийг бүх хүчээрээ авран хайж, бэртсэн хүмүүсийг авран эмчлүүлж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг тайтгаруулах ажлыг сайн хийж, бүх хүчээ шавхаж, хүн эндэж бэртэхийг багасгах хэрэгтэй" гэж зааварчилжээ.
Мөн гамшгийн бүсэд хашигдсан ард иргэдийг нүүлгэж, зам тээвэр, холбоо, цахилгаан зэрэг эвдэрсэн дэд бүтцийг засварлахад анхаарч, үйлдвэрлэл, амьдралын хэвийн байдлыг яаралтай сэргээх хэрэгтэй. Яг одоо долоодугаар сарын сүүлч наймдугаар сарын эхний үер усны эрсдэлтэй үе болж байгаа учраас бүх нутаг, холбогдох байгууллага нэгжүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, урьдчилан сэргийлэн хянах ажлыг сайтар хийж, ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж Ши Жиньпин онцлон анхааруулсан байна.
Сүүлийн хэд хоногт Бээжин, Тяньжинь, Хэбэй зэрэг муж хотод гарсан онцгой их үер усны гамшигт холбогдуулан 08-р сарын 01-ний өдөр Хятадын Сангийн яам, Онцгой байдлыг зохицуулах яам, Төв засгийн газрын байгалийн гамшгаас авран туслах сангаас 110 сая юанийг гамшигт өртсөн муж, хотын үерээс урьдчилан сэргийлж, авран туслах ажилд санхүүжүүлжээ. Эдгээр мөнгийг орон нутгийн захиргаа гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг эрж хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, аюул эрсдэлийг арилгах зэрэг яаралтай байдлыг зохицуулах, дахин гамшиг үүсэх далд эрсдэл, эвдэрч нурсан барилга байгууламжийг сэргээн засварлахад зарцуулах юм.
Төвлөрсөн төсвөөс олгосон нөхөн олговрыг цаг тухайд нь хуваарилж, хөрөнгө мөнгөний хяналтыг чангатгаж, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг тэргүүн байранд тавьж, хүний амь нас, эд хөрөнгийн хохирлыг хамгийн доод хэмжээнд барихын тулд ажиллахыг Хятадын Сангийн яам, Муж, хотын зэрэглэлийн төсөв сангийн байгууллагад шаарджээ.
