Хоёр тал хоёр орны харилцаанд дипломат харилцааны гүйцэтгэх стратегийн удирдах үүргийг үргэлжлэн дайчилж, хоёр орны дээд давхарга, олон зэрэглэлийн харилцааг эрчимжүүлж, дээд зэрэглэлийн хэлцлийн 4 механизмын үүргийг гүйцэд ашиглан, эдийн засаг, худалдаа, хоёр арми, хууль хэрэгжилт, нийгэм, соёл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаарх харилцан ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, Хятад Америкийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт санал нэгдэв.
Ши Жиньпин дарга сэтгүүлчидтэй уулзах үедээ: Энэ уулзалт бүтээлч, үр өгөөж ихтэй боллоо гэжээ.

“Бидний уулзалт бүтээлч, үр өгөөж ихтэй боллоо. Ерөнхийлөгч Трампын Хятад дахь төрийн айлчлал амжилттай, түүхэн ач холбогдолтой болсон. Ерөнхийлөгч Трамп бид хоёрын уулзалт БНХАУ, АНУ-ын ойрын ирээдүйн харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж би үзэж байна. Бид Америкийн талтай нийтлэг ойлголтынхоо дагуу Хятад, Америкийн харилцааг эрчтэй хөгжүүлж, хоёр ард түмэн болон дэлхий дахины хүн ардыг улам аз жаргалтай амьдруулахыг хүсэж байна” гэжээ.
Мөн өдрийн уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Хятад, Америкийн дипломат харилцааны аюулгүй байдал, эдийн засгийн иж бүрэн хэлцэл, нийгэм, хүмүүнлэгийн хэлцэл, хууль хэрэгжилт, интернетийн аюулгүйн хэлцэл зэрэг 4 механизмын хэлцлийн талаар хоёр талын албаны хүмүүсийн тайланг сонсож, Хятад, Америкийн олон салбар дахь ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал зөвлөгөө өгчээ.
Ши Жиньпин: Дипломат харилцааны аюулгүйн салбар бол хоёр орны харилцааны ерөнхий хөгжил, стратегийн харилцан итгэлцлийн үндэс юм. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тогтоосон хөгжлийн чиг баримжааг тууштай баримтлан, хүнд чухал буюу эмзэг асуудалд харилцан итгэлцлээ тэргүүн байранд тавих хэрэгтэй. Тайваны асуудал бол хоёр орны харилцааны хамгийн чухал, хамгийн эмзэг асуудал бөгөөд хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурь юм. Америкийн тал нэг Хятадын бодлого баримтлан, Хятад, Америкийн харилцаанд сэв суулгахгүй байхыг хүсэж байна. Хятад, Америк хоёр их гүрний Ази, Номхон далайн бүс дэх хамтын ашиг сонирхол нь маргаантай асуудлаасаа илүү юм. Хоёр тал Ази, Номхон далайн бүсэд идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн хамтдаа сэтгүүлчидтэй уулзах үед Ши Жиньпин дарга хэлэхдээ:
Хятад, Америк хоёр орон дэлхийн нэг, хоёр дахь том эдийн засгийн цогц, дэлхийн эдийн засгийн дайчлагчийн хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөж, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэн, хоёр орны эдийн засаг, худалдааны эрүүл, тогтвортой харилцааг тэнцвэржүүлэх ёстой гэж бид үзэж байна. Хятад, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны дараачийн төлөвлөгөөгөө гарган эхлүүлж, худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулах, экспортын хязгаарлалтыг чөлөөлөх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, зах зээлээ нээлттэй байлгах зэрэг асуудлаар гүнзгий судлан хэлэлцэж, хоёр орны эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нэг бүс нэг замын бүтээн байгуулалт зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа идэвхтэй ахиулах хэрэгтэй байна. Хятадын тал нээлттэй байдлаа өргөтгөх цагийн хуваарь, зураг төлөвлөгөөний дагуу зах зээлийн зөвшөөрлийн арга хэмжээнүүд нийтэлсэн, мөн хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны саруул уудам хэтийн төлөв нь хоёр ард түмэнд асар их үр өгөөж хүртээнэ гэдгийг бүрэн харуулж байна гэжээ.
Эдийн засаг, худалдааны сэдвээс гадна Солонгосын хойгийн асуудал ч Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалтын гол сэдэв байлаа. Хоёр тал бүс нутаг болон олон улсын асуудлаарх ойлголцол зохицуулалтаа эрчимжүүлж, халуун цэгийн асуудлыг эв зүйтэй зохицуулахыг хамтдаа ахиулахыг зөвшөөрсөн юм. Ши Жиньпин дарга хэлэхдээ:
Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухайд бид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, олон улсын цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг хамгаалахыг дахин нотолж, хоёр тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг бүх талаар хатуу хэрэгжүүлж, үүний зэрэгцээ Солонгосын хойгийн цөмийн асуудлыг хэлэлцээгээр зохицуулахыг хичээж, холбогдох талуудтай Солонгосын хойгийн болон Зүүн Хойд Азийн урт хугацааны энх тайван, амар амгалан байдлыг биелүүлэх арга замыг судлан хэлэлцэхэд бэлэн байна. Хоёр тал Солонгосын хойгийн асуудлаар ойлголцол, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэжээ.

Ээдрээтэй, өөрчлөлт ихтэй олон улсын байдалд Хятад, Америк хоёр их гүрэн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, дэлхий дахины хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар хамтын ашиг сонирхол, хариуцлага их, хамтран ажиллах орон зай ч улам өргөн уудам боллоо. Эрүүл, тогтвортой хөгжиж буй Хятад, Америкийн харилцаа хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг хүсэн хүлээж байна гэдгийг хоёр төрийн тэргүүн санал нэгтэй үзсэн байна.

Трамп хэлэхдээ:АНУ-ын хувьд Хятад зэрэг бусад түнштэйгээ энх тайван, аюулгүй байдал, дэлхийн хөгжлийг ахиулах ашигтай боломж бүрдсэн байна. Энэ цаг мөчид бидэнд онцгой боломж тохиож байна. Бид маш их хариуцлага хүлээж байгаа бөгөөд энэ боломжийг алдахгүй байж, хоёр улс орон, ард түмэн өөр өөрийнхөөрөө хөгжихийг хүсэж байна. Манай хоёр орны хооронд улам хүчирхэг харилцаа тогтоож, хоёр улс, хоёр ард түмний хооронд улам нягт эв найрамдалтай хэлхээ холбоо тогтоохыг хүсэж байна гэжээ.
