Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 05-р сарын 16-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхжээ.

Ерөнхий сайд Ли Чян "Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Орос хоёр орон эвсэлд үл нэгдэх,сөргөлдөхгүй байх,гуравдагч талд чиглэхгүй байх зарчмын үндсэн дээр харилцаагаа тууштай хөгжүүлэхийг баримталж ирсэн. Ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж, ард иргэд, орон нутгуудын харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны найрамдал нийгэм, олон нийтийн санаа бодлын үндэс суурь болж улам бэхжилээ. Манай хоёр орон том гүрнүүд энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллахын үлгэр жишээ болж байна. Энэ жил Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин дарга, эрхэм ерөнхийлөгч тантай уулзаж, Хятад, Оросын харилцааг дараагийн шатанд хөгжүүлэх стратегийн шинэ төлөвлөгөө гаргалаа. Хятад улс Оростой хамтаар хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийн дагуу мөнхийн найрамдалт харилцаагаа бататгаж, олон салбарт хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлнэ. Хятад, Оросын хамтын хөгжлийг ахиулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад хамтдаа хүчин зүтгэхэд бэлэн байна" гэжээ.
Владимир Путин хэлэхдээ "Орос, Хятадын харилцаа эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа хожиход суурилдаг. Энэ нь хоёр орон, хоёр ард түмний ашиг сонирхолд нийцдэг юм. Одоогоор Орос, Хятадын харилцаа хамгийн дээд түвшинд хөгжиж байна. Би Ши Жиньпин даргатай үр дүнтэй уулзалт хийж, хоёр орны харилцааг урт хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө гаргалаа. Хоёр орон дипломат харилцааны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх боломжоо ашиглан эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтын ажиллагаагаа зузаатгаж, "Орос-Хятадын соёлын жил"-ийг амжилттай зохион байгуулж, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, залуучуудын олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ эриний Орос Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад Орос улс бэлэн байна" гэжээ.
