Орон нутгийн цагаар долдугаар сарын 3-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзлаа. Хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэхээр шийдсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ"Хятад, Азербайжан бол чин үнэнч, харилцан итгэлцсэн сайн найз, эрх тэгш, харилцан ашигтай сайн түнш юм. Хятад, Азербайжаны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, хоёр орны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, стратегийн агуулга улам баяжиж байна.Өнөөдөр бид хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцаагаа стратегийн түншлэлийн харилцаанд ахиулна гэдгээ зарласан, шинэ тодорхойлолт нь шинэ гараа болж байна. Бие биендээ илүү дэмжлэг үзүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө хүртээхийн тулд хоёр тал шаргуу ажиллана гэдэгт итгэлтэй байна".
Мөн Ши Жиньпин хэлэхдээ“Хятад улс Азербайжаны үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг тууштай дэмжиж,Азербайжан улс үндэстнийхээ нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар явахыг дэмжинэ.Хоёр тал "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, худалдаа, хөрөнгө оруулалт, газрын тос, байгалийн хий, фото цахилгаан эрчим хүч болон бусад салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,харилцан холболтыг бэхжүүлж, Каспийн олон улсын тээврийн сайн коридор байгуулж, Хятад-Европын ачааны галт тэрэгний эрүүл, тогтвортой үйл ажиллагааг эрчимжүүлнэ.Хоёр тал боловсрол, соёл, аялал жуулчлал, залуучууд, орон нутаг болон бусад салбарт улам их солилцоо хийж, Хятад Азербайжаны найрамдлын үндэс суурийг бэхжүүлэх ёстой.НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 29-р бага хурлыг амжилттай зохион байгуулахыг Хятадын тал дэмжиж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжихийн тулд дэлхийн тэгш, эмх цэгцтэй олон туйлт, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжин ажиллахад бэлэн байна”.

Алиев хэлэхдээ “Азербайжан , Хятад хоёр орон олон салбар болон бүх түвшинд нягт харилцаа холбоо тогтоож, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах чиглэлээр бие биеэ тууштай дэмжиж байна.Өнөөдөр бид хамтарсан мэдэгдэл гаргаж, Азербайжан, БНХАУ стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарласан нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Азербайжан улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улс үндэстнээ нэгтгэхийг тууштай дэмжиж байна. Энэ бол ямар ч хүчин зогсоож чадахгүй түүхэн хандлага юм. Азербайжан Хятад улстай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж,нөөц бололцоогоо ашиглаж,эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ эрчим хүч, иргэдийн солилцоо зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулахад бэлэн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон бусад тогтолцоотой нягт хамтран ажиллаж, гаднын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэж, бүс нутаг аюулгүй, тогтвортой байхыг дэмжинэ”. Хоёр тал “ Бүгд Найрамдах Хятад Ард улс болон Бүгд Найрамдах Азербайжан Улсын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргасан байв.
