Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 08-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар түүнтэй утсаар ярьсан байна.
Ши Жиньпин: - Одоо Хятад, Америкийн харилцаа хөгжлийн чухал үедээ байна. Бид хоёр орны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээгээр чухалчилж, ноён ерөнхийлөгч тантай ажлын найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг. Хоёр тал та бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, дээд хэмжээний болон олон давхаргын харилцаагаа хэвээр хадгалан, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагаандаа анхаарал тавьж, санал зөрөлдөөнөө хянан, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад, Америкийн харилцааны тогтворжуулах хүчин зүйл, хурдасгуур байсаар ирсэн юм. Өнгөрсөн долоо хоногт хоёр тал Бээжинд эдийн засаг, худалдааны асуудлаар илэн далангүй, үр ашигтай, бүтээлч зөвшилцөл хийлээ. Хоёр талын төлөөлөгчид ойлголцлоо хэвээр хадгалж, асуудлыг эвтэй зохицуулах гарц хайж, хамтдаа ашиг олох үр дүнд хүрч болох юм гэжээ.
Трамп: Америк, Хятадын харилцааг АНУ-ын тал дээд хэмжээгээр чухалчилдаг. Би Ши Жиньпин дарга тантай үргэлж нягт холбоотой байхыг эрмэлздэг. Америкийн тал Хятадын талтай хамтдаа хичээж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засаг, худалдааны асуудлыг сайтар зохицуулан, Америк, Хятадын харилцааг улам хөгжүүлж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн мөн Солонгосын хойгийн асуудлаар санал солилцлоо. Ши Жиньпин Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын талын байр суурийг дахин нотолж: БНХАУ-ын тал АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг дэмжиж, АНУ, БНАСАУ харилцан ойлголцож, итгэлцэл бий болгон, шат дараатай уулзалт, зөвшилцлөөр тус тусын анхаарч буй асуудлыг зохицуулж, БНАСАУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхлыг бодолцон, Солонгосын хойгийн асуудлыг улс төрөөр зохицуулах үйл явцыг хамтдаа ахиулахыг хүсэж байна. Хятадын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, бүс нутгийн үүрдийн энх тайвны төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
