Хятад улсын дарга Ши Жиньпин 5-р сарын 9-ний үдээс хойш Будапешт дэх Ерөнхий сайдын ордонд Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай хэлэлцээ хийв. Хоёр орны удирдагчид шинэ эринд Хятад Унгарын харилцааг бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэнэ гэдгээ зарлалаа.

Ши Жиньпин хэлэхдээ, эдүгээ Хятад Унгарын харилцаа түүхэн хамгийн сайнхан цаг үедээ байна. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон улсын шинэ хэлбэрийн харилцааны үлгэр жишээг бий болгосон юм. Энэ онд Хятад Унгар хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд шинэ чухал боломжуудыг нээж байна. Хоёр орон харилцан итгэлцсэн, хамтдаа ялалт байгуулах сайн найз, сайн түнш байх ёстой. Мөн шинэ эринд бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон боломжийг ашиглан, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ эрч хүч өгч, хоёр ард түмэнд илүү сайн сайхан маргаашийг бий болгох ёстой.

Ши Жиньпин онцлохдоо, Унгар улс Хятадад урт хугацааны найрсаг бодлого баримталж, Тайвань, Хонгконг болон хүний эрхийн асуудлаар Хятадыг тууштай дэмжиж ирснийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Унгар улс өөрийн орны нөхцөлд тохирсон хөгжлийн замаар замнахыг Хятад улс тууштай дэмжинэ. Хятад маягийн шинэчлэл нь Унгар зэрэг дэлхийн улс орнуудад илүү их боломжийг авчрах нь дамжиггүй. Унгар улс Хятад маягийн шинэчлэлийн замд хамтрагч болоход таатай байна. Унгартай хамтаар чармайж, хоёр орны хөгжлийн стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, Хятад Унгарын Засгийн газар хоорондын "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны хороо зэрэг механизмын үүргийг гүйцэд хэрэгжүүлж, дэд бүтэц, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг шинээр гарч ирж буй салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, Унгар-Сербийн төмөр замын барилгын ажлыг товлосон хугацаанд нь дуусгахад Хятад улс бэлэн байна.
Европ бол олон туйлт дэлхийн чухал хэсэг бөгөөд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх чухал түнш юм. Унгар улс энэ оны сүүлийн хагаст Европын холбооны дарга орны үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын холбооны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Унгарын тал үргэлжлэн хүчин зүтгэж, Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг ахиулж, улс орны ард түмэнд үр өгөөж хүртээнэ гэдэгт найдаж байна гэж Ши Жиньпин онцоллоо.
Виктор Орбан Ши Жиньпин даргыг Унгарт төрийн айлчлал хийснийг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлээд, таны 15 жилийн өмнө Унгарт хийсэн айлчлал одоо ч надад тодхон санагдаж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Унгар-Хятадын харилцаа асар их ахиц дэвшил гаргасанд би маш их баяртай байна. Унгар, Хятадын харилцааны амжилт нь том жижиг улс орнууд бие биенээ хүндэтгэж, харилцан ашигтай хамтран ажиллаж байгааг нотлон харууллаа. Таны айлчлал Унгар, Хятадын гүн зузаан найрамдал, асар их нөөц бололцоог дахин харуулсан юм. Энэ нь манай улс, хоёр орны харилцаанд түүхэн чухал ач холбогдол өглөө. Бид Унгар, Хятадын харилцааг шинэ эриний бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулхаа зарлаж, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Унгар, Хятадын харилцааны хэтийн төлөвт итгэлтэй байна.
Хоёр орны удирдагчид Украины хямралын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс энх тайван, яриа хэлэлцээг дэмжсээр ирсэн бөгөөд холбогдох талуудтай үргэлжлэн идэвхтэй хамтран ажиллаж, энх тайвныг эртхэн биелүүлэхэд хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, соёл, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааны олон баримт бичгийг харилцан солилцоход байлцсан бөгөөд хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ.
Хоёр тал бас "БНХАУ, Унгар хоёр улсын хооронд шинэ эриний бүх цаг хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл" болон айлчлалын үр дүнгийн баримт бичгийн жагсаалтыг нийтэлжээ.
