6-нд Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И Америкийн Гейтс сангийн холбооны тэргүүн Билл Гейтстэй уулзлаа.

Ван И: Ноён Билл Гейтс та бол Хятадын ард түмний хуучин танил, дотнын анд билээ. Хятад, Америкийн харилцааны хөгжлийг олон жил дэмжиж, хамтын ажиллагаанд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирснийг тань Хятад улс сайшааж байна. Гейтс сангийн холбоотой хамт хоёр талын нөөц боломж, давуу талыг сайтар ашиглаж, ядуусыг тэтгэх, ядуурлыг буруулах, өвчнөөс сэргийлэх, хөдөө аж ахуйн технологийн дэвшил зэрэг талаар солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Мөн Гейтс сангийн холбоотой хамтран Африк тив дэх гурван талт хамтын ажиллагааг тэлж, орон нутгийн тогтвортой хөгжил, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад улам их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Хятад, Америк хоёр их гүрэн учраас хамтран ажиллавал хамтдаа ашиг хүртэж, сөргөлдвөл хоёулаа хохироох нь мэдээж юм. Өнөөгийн нөхцөлд хоёр тал саналаа нэгтгэн, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх бүрэн боломжтой. Энэ нь хоёр орон төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэгт ч үр ашгаа өгөх юм. Ноён та болон Хятад улсыг ойлгодог Америкийн нийгмийн зүтгэлтнүүд үүнд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Билл Гейтс: Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд Ши Жиньпин даргын тавьсан илтгэл хүмүүст маш их урам өглөө. Өчигдөр тэргүүн хатагтай Пэн Лиюань намайг хүлээн авч уулзахдаа бидний ажилд сайхан санаачилга дэвшүүлсэн юм. Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж гаргасан асар их ололт амжилтыг би үнэхээр биширч, олон улсын ядуурлыг буруулах, эрүүл мэнд зэрэг салбарт оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Гейтс сангийн холбоо давуу талаа ашиглан, хөдөө аж ахуй, ядуурлыг буруулах, эрүүл мэнд зэрэг салбарт Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Африк тив дэх гурван талт хамтын ажиллагааны хүрээг тэлэх болно. Харилцан ашигтай, хамтдаа ашиг олох нь Америк, Хятадын харилцааны гол зарчим учраас хоёр орны харилцааг ахиулж, иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхийн тулд улам их хичээн ажиллахад миний бие бэлэн байна гэжээ.
