Бээжингийн цагаар 12-р сарын 18-ны 23 цаг 59 минутад Ганьсу мужийн Линьшя жөүгийн Жишы сяньд 6.2 магнитут хүчтэй газар хөдлөв. Чичирхийллийн голомт газрын гүнд 10 км байжээ. Газар хөдлөлтөөс Ганьсу мужид 100, Хөхнуур мужид 11 хүн нас барж, ус, цахилгаан тасарч, зам харилцаа, холбооны зарим дэд бүтэц эвдэрсэн байна.
Газар хөдөлсөн даруйд Хятад улсын дарга Ши Жиньпин асуудлыг онцгой анхаарч, чухал заавар чиглэл өгөв.
"Ганьсу мужийн Линьшя жөүгийн Жишы сяньд 6.2 магнитут хүчтэй газар хөдөлж олон хүний амь нас хохирч, олон хүн бэртэж гэмтлээ. Бүх хүчин чармайлт гаргаж хайн аварч, гэмтэж бэртсэн хүмүүсийг цаг алдалгүй эмчилж, хүний амь нас нэмж хохирох бүх боломжийг бууруулах хэрэгтэй. Гамшгийн бүс далайн түвшнээс дээш өндөрт учир цаг агаар хүйтэн. Чичирхийллийн байдал, цаг агаарын өөрчлөлтийг нягт ажиглаж, гамшиг давтагдахаас сэргийл. Гамшгийн эрсдлийг бууруулж, авран туслах эд материалыг татан хүргэх ажлыг яаралтай зохион байгуулж, эвдэрсэн цахилгаан холбоо, зам харилцаа, дулааны шугамын дэд бүтцийг яаралтай засан сэргээж, гамшигт өртсөн ард олныг нүүлгэн байршуулж, тэдний амьдралын хэвийн нөхцлийг баталгаажуулж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд туслах, тохинуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй. Төрийн зөвлөл гамшгийн бүсэд ажлын хэсэг томилон ажиллуулж, гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах ажлыг удирдаж, Ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн ангиуд авран туслах ажилд идэвхтэй оролцож, ард олны амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг бүх боломжоор баталгаажуулах хэрэгтэй" гэв.
