
Синьхуа агентлагийн мэдээ, 18-нд АИХ-ын ордонд, Хятад улсын дарга Ши Жиньпин Давосын зуны чуулганд оролцохоор ирсэн Латвийн ерөнхийлөгч Раймондс Вежонистэй уулзав.
Ши Жиньпин: Хятад, Латвийн харилцаа сайхан хөгжиж байна. Латви улс Балтын тэнгисийн орнуудаас хамгийн түрүүнд Хятад улстай “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Хятад улс Латвийн талтай харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах үндэс дээр улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөн, хүмүүнлэгийн харилцаагаа нягтруулж, хоёр ард түмэнд улам их үр өгөөжтэй ажиллахад бэлэн байна. Хоёр орны хөгжлийн стратегийг холбож, зам харилцаа, ложистик, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Ази, Европын дэд бүтцийн түншлэлийг ахиулах ёстой. Хятад улс Латвийн талтай Хятад, Европын холбоо ба Хятад, Төв Зүүн Европын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Раймондс Вежонис: Латви улс “Нэг бүс нэг зам” санаачилгыг дээд хэмжээнд чухалчилж, Төв, Зүүн Европ ба Хятадын хамтын ажиллагааны механизм Латвид чухал ач холбогдолтой хэмээн үздэг. Эдгээрийг харилцан холбож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам харилцаа, ложистик, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүмүүнлэгийн харилцаагаа нягтруулахыг хүсэж байна. Хятад, Европын харилцааны хөгжлийн төлөө хүчин зүтгэхэд Латви улс бэлэн байна гэжээ.
Уулзалтын дараа, хоёр төрийн тэргүүн хоёр орны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.
