
Ши Жиньпин Малайзын ерөнхий сайдтай уулзав
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 08-р сарын 20-ны өдөр Бээжинд Малайзын ерөнхий сайд Махатхир бин Мохамадыг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин: Эрхэм ерөнхий сайд таны Хятад улсад айлчлан ирсэнд баяр хүргэж байна. Сүүлийн жилүүдэд Малайзын засгийн газар болон эрхэм ноён та хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятад улсын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нааштай боломж авчирна гэдгээ олон удаа илэрхийлж, Хятад улсын санаачилсан “нэг бүс нэг зам” санаачилгыг идэвхтэй дэмжин, Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэн ажилласаар ирснийг Хятадын тал сайшааж, талархал дэвшүүлж байна. Өдгөө Хятад Малайзын харилцаа түүхэн хөгжлийн чухал үе шатанд ирээд байна. Хятад улс “хос зуун жил”-ийн зорилтын төлөө цуцалтгүй зүтгэж, Малайз улс “Шинэ Малайз”-ын бүтээн байгуулалтын шинэ аянаа эхлүүлээд байна. Ерөнхий сайд та олон жилийн турш “Азийн өртгийн тухай үзэл”, бие даан эзэн мэдэх зэргийг санаачилж, зүүн Азийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулан, өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замыг сонгохыг баримталсаар ирсэн. Азийн хоёр хөгжиж буй орон болохын хувьд, Хятад Малайз нь харилцан хөгжлийн боломж олгон, хамтын ажиллагааны түнш болж байдаг юм. Тиймээс хоёр талаараа стратегийн зөвшилцлөө эрчимжүүлэн, хоёр орны харилцааг улам сайн сайхан хөгжил тийш хөдлөхөөр дамжин Азийн сэргэн мандал, цаашлаад дэлхийн хөгжил дэвшилд түлхэц өгөх ёстой. Малайз улс бол эртний тэнгисийн торгоны замын дайран өнгөрч байсан чухал улс орон, мөн ч хамгийн эрт “нэг бүс нэг зам” санаачилгад нааштай тусгал гарган, хамтарч ажилласан орны нэг юм. Хоёр талаараа “нэг бүс нэг зам”-ын тойронд шинэ цаг эриний Хятад Малайзын ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлэн урагшлуулах хэрэгтэй. Бид хөгжлийн стратегийн уялдаа холбоог нэмэгдүүлж, ажил төрлийн салбар болон инновацийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэв.
Махатхир бин Мохамад: Миний энэ удаагийн Хятад улсад хийж буй айлчлал бол Малайзын засгийн газрын чухал арга хэмжээ байж, Малайз улсын БНХАУ-д авч байгаа найрсаг харилцааны бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг Хятад улсын засгийн газар болон ард түмэнд мэдэгдэхийн төлөө юм. Хятад улс бол олон улсын тавцанд маш чухал нөлөө тусгалтай улс орон болох төдийгүй, мөн ч Малайзын худалдааны хамгийн том түнш байж, түүхэнд ерөөсөө Малайзыг дээрэлхээгүй, колоничилж байгаагүй юм. Түүнчлэн өнөөдрийн Хятад улсын хөгжил нь Малайз улсад заналхийлэл болохгүй. Хоёр орны хамтын ажиллагаа нь Малайзын үндэсний хөгжилд түлхэц өгнө. Энэ удаагийн айлчлалын хөтөлбөр маш шахуу боловч, баялаг агуулгатай, ажил хэрэгч байлаа. Хятад улсын бие даасан хөгжлийн ололт амжилт, тэр дундаа аж үйлдвэржилт, бизнесийн салбарын асар их ололт амжилтаар бахархаж байна гэжээ.
