
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад айлчилж байгаа Мьянмарын Батлан хамгаалах армийн ерөнхий командлагч Мин Аунг Хлайнгтай энэ сарын 10-ны өдөр Бээжинд уулзсан байна. Ши Жиньпин дарга:
- Хятадын тал Хятад Мьянмарын харилцааг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, олон улсын байдал яаж өөрчлөгдсөн ч угийн адил Мьянмарын талтай стратегийн хэлхээ холбоогоо үргэлжлэн эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Мьянмарын иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээж, бүс нутгийн тогтвортой байдал, цэцэглэл хөгжилд хамтдаа хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин мөн: - Хятад Мьянмар өнө удаан найрамдалтай юм. Хятад, Мьянмарын харилцаа сайн тал руугаа хөгжиж, олон салбар, олон давхаргын солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж байна. Хамтдаа байгуулж байгаа "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагаа шинэ ахицтай болсон байна. Хятад, Мьянмарын цэргийн хамтын ажиллагаа бол хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Хоёр арми бүтээлч солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан итгэлцсэн харилцан ашигтай үндсэн дээр хоёр орны хамтын аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад ашигтай хоёр армийн харилцааг байгуулахаар чармайх хэрэгтэй гэж хэлсэн байна.
Мин Аунг Хлайнг:
- Мьянмар, Хятад хоёр орон өнө удаан уламжлалт харилцаатай, хоёр армийн харилцаа ч сайн сайхан хөгжлийн хандлагатай байсаар ирсэн юм. Хятадын тал урт хугацааны турш Мьянмарын улс орон цэрэг армийн хөгжлийн бүтээн байгуулалтад нандин дэмжлэг үзүүлсээр ирсэнд Мьянмарын тал сайшааж байна. Мьянмарын дотоодын энх тайвны үйл явцыг дэмжсээр ирсэн Хятадын талд талархаж байна. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Мьянмарын тал сайшаан дэмжиж, оролцоход бэлэн байна. Хятадын талтай олон салбар дахь бүтээлч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бодит арга хэмжээ авч Мьянмар, Хятадын хилийн бүсийн тогтвортой байдлыг хамгаалах болно гэж хэллээ.
