Хятадын Гадаад харилцааны сайд Чинь Ган 06-р сарын 18-ны өдөр Бээжин хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй хэлэлцээ хийжээ.
Чинь Ган хэлэхдээ "Эдүгээ Хятад, Америкийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн эмзэг муу түвшинд хүрээд байгаа нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхол, тэрчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэхгүй. Америктай харьцах Хятадын бодлого тогтвортой бөгөөд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх” зарчмыг мөрдөж ирсэн. Энэ нь хоёр талын нийтлэг үзэл баримтлал, зорилт байх ёстой. Хятад улс Хятад, Америкийн хооронд тогтвортой, төсөөлж болохуйц, бүтээлч харилцаа тогтоохыг хичээж байдаг. Иймд Америкийн тал асуудалд бодитой ухаалаг хандаж, Хятад улстай ижил чиглэлээр урагшилж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалж, хурцадмал асуудлыг хүлээцтэйгээр мэргэжлийн түвшинд шийдвэрлэх хэрэгтэй. Хоёр орны төрийн тэргүүн нарын Бали арлын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтуудыг хоёр тал практик дээр нухацтай хэрэгжүүлэх ёстой" гэжээ.
Тайвань зэрэг Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Чинь Ган Хятад улсын байр суурийг хатуу нотолж, тодорхой шаардлага тавьсан байна. Чинь Ган, Тайваний асуудал бол Хятад улсын амин чухал ашиг сонирхол бөгөөд Хятад, Америкийн харилцаатай холбоотой чухал асуудал, хамгийн их эрсдэл дагуулсан асуудал болохоор "Нэг Хятадын зарчим", Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг тууштай мөрдөж, “Тайванийг хагалан тусгаарлахыг дэмжихгүй” гэдэг амлалтаа үнэнхүү хэрэгжүүлэхийг Америкийн талаас шаардаж байна гэжээ.
Өчигдрийн хэлэлцээний үеэр хоёр тал Бали арлын уулзалтаар тохиролцсон төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг практикт хэрэгжүүлж, санал зөрөлдөөнөө үр дүнтэй хянаж, яриа хэлцэл, солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, өндөр түвшний харилцаа холбоог хадгалахаар тохиролцсон байна. Энтони Блинкен Чинь Ган сайдыг Америкт айлчлахыг урьсан бол энэ тухай хоёр тал зөвшилцөж, боломжтой цагтаа айлчилна гэдгээ Чинь Ган мэдэгдлээ.
