solongonews
Ли Чян Монгол Улсын ерөнхий сайдтай хэлэлцээ хийлээ
2023-06-29 09:46
Ли Чян Монгол Улсын ерөнхий сайдтай хэлэлцээ хийлээ

  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 06 сарын 28-ны өдөр Бээжин хотноо Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хэлэлцээ хийлээ. Ли Чян:

- БНХАУ, Монгол Улс бол бие биенийхээ чухал хөрш бөгөөд урт хугацаанд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаатай байх нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх юм. Өнгөрсөн онд Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар амжилттай уулзалт хийж, шинэ эрин дэх БНХАУ, Монгол Улсын харилцааны хөгжлийн шинэ  төлөвлөгөөг хамтран боловсруулсан юм. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Монгол Улстай хамтран хэрэгжүүлж, БНХАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны утга санааг үргэлжлүүлэн баяжуулж, хоёр талын улс төрийн итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг хурдацтай байгуулж, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд БНХАУ бэлэн байна гэж хэллээ. 

Ли Чян мөн:

- Монгол Улстай бие биенийхээ амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хөгжлийн шинэ боломжийг Монгол Улстай хуваалцахад БНХАУ бэлэн байна. Хоёр орон стратегиэ уялдуулан, “Бүс ба зам”-ыг хамтран чансаатай хөгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг шуурхай нэвтрүүлж, уул уурхай эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөн, хилийн боомтыг дэд бүтцээр холбож, цөлжилттэй тэмцэх талаар гүнзгий хамтран ажиллаж, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарын солилцоогоо нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамт хожин хөгжих сайн түнш болох ёстой. БНХАУ цаашид Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд боломжийн хэрээр тус дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийллээ. 

Л.Оюун-Эрдэнэ:

- Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Бүс ба зам”-ын санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгатай уялдуулан, хоёр орны боомт, уул уурхай эрчим хүч, цөлжилттэй тэмцэх зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Монгол улс БНХАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэж хэлэв. 

Хоёр орны ерөнхий сайд зам тээвэр зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл