БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 08-р сарын 23-ны үдээс хойш Йоханнесбургт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сенегалын ерөнхийлөгч Макки Саллтай уулзав.
Ши Жиньпин дарга:
- Сенегал бол Африк дахь Хятадын хамтын ажиллагааны чухал түнш юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Сенегалын улс төрийн итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрч байна. Үндэснийхээ тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах Сенегалын хүчин чармайлтыг Хятад улс тууштай дэмжиж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хүний нөөцийн хөгжил болон бусад салбарт гүнзгий хамтран ажиллаж, хууль ёсны хөгжлийн эрх ашгийг хамтдаа хамгаалж, хоёр улсын стратегийн иж бүрэн түншийн харилцааг улам сайн хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Макки Салл:
- Сенегал, Хятад хоёр улс стратегийн өндөр чанартай иж бүрэн түншүүд бөгөөд Ши Жиньпин дарга бол Африк, Сенегалын сайн анд нөхөр юм. Хоёр тал дэд бүтэц, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Сенегал "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай баримталж, энх тайвныг эрхэмлэсэн Хятадын гадаад бодлогыг дэмжиж ирсэн. Цаашид Хятад улстай хоёр талт болон олон улс дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Африк-Хятадын хамтын ажиллагаа эрч хүчээр дүүрэн байж, хоёр талын харилцаа үр ашигтай хөгжиж Африкийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг болсоор байна. Африкийн Холбоог "Их-20" бүлэгт элсүүлэхийг хамгийн түрүүнд дэмжиж буй Хятад улсад талархаж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумыг хамтран даргалагчийн хувьд Сенегал, Хятад улстай нягт хэлхээ холбоотой байж, Африк Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэлэв.
