Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 5-р сарын 9-ний үдээс өмнө Унгарын ерөнхийлөгч Шүйокийн гэргий Нажибын урилгаар Будапешт хотын Буда хааны ордонд зочлов.

Нажиб, Пэн Лиюаньтай хамт Унгарын Херенд шаазан болон уламжлалт хатгамал урлагийн үзүүлбэрийг сонирхлоо. Пэн Лиюань хэлэхдээ, Унгарын тансаг шаазан эдлэл, хатгамал урлах ур чадвар үнэхээр гайхалтай. Шаазан болон хатгамал нь Хятад, Унгарын соёл иргэншлийн нийтлэг бэлэг тэмдэг юм. Хоёр орны уран бүтээлчид харилцан туршлага солилцож, соёл иргэншлийн уялдаа холбоонд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна.

Пэн Лиюань, Нажиб нар хааны ордны Гэгээн Стефаны танхимын сэргээн засварлалтын байдлын талаарх товч мэдээллийг сонсов. Пэн Лиюань Унгарын мэргэжилтнүүдийн сэргээн засварлах гайхалтай ур чадварыг өндрөөр үнэлээд, хоёр тал соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, сэргээн засварлах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, түүхийн уламжлалыг цаашид уламжлан хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Пэн Лиюань Нажибтай найрсаг дотноор яриа өрнүүлжээ. Пэн Лиюань хэлэхдээ, Унгар бол үзэсгэлэнтэй, хүмүүс нь зочломтгой сайхан орон юм. Хятад, Унгар хоёр орны соёл ижил төстэй бөгөөд хоёр орны ард түмэн гүн зузаан найрамдалт харилцаатай гэжээ.

