
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал 04-р сарын12-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотод үргэлжлэв. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа.


Ли Жихэн дарга У.Хүрэлсүхийн Хятад улс дахь айлчлал ӨМӨЗО-д үргэлжилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд:
- Дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү болон Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээрийн дагуу тохиролцсон чухал хамтын ойлголтын дагуу нарийн хянамгай хэрэгжүүлж, Монголын талтай хүмүүнлэгийн салбар, соёлын солилцоо, дэд бүтцээр холбогдох бүтээн байгуулалт, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийн бүтээн байгуулалт, хил дамнасан аялал жуулчлал, гэр хорооллыг засан шинэчлэх, Хятад-Монголын Экспо зэрэг салбар, төслийн хамтын ажиллагааг тогтвортой эрчимжүүлж, харилцан ашигтай хамтдаа хожих шинэ нөхцөл байдлыг бий болгохыг зорьж байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ӨМӨЗО-ы халуун дотно хүлээн авалтад баярлаж байгаагаа илэрхийлээд, Өвөр Монгол нь Монгол, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд гүүрийн нөлөө үзүүлж байгааг өндрөөр үнэлэв. Тэрээр:
- Монгол Улс болон Өвөр Монгол хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Өвөр Монголтой соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр талын эдийн засаг, худалдаа, боомтын бүтээн байгуулалт, дамжин өнгөрөх зам тээвэр зэргийн хамтын ажиллагааг тэлж, хамтын хөгжилд хүрнэ гэдэгт найдаж байна гэсэн юм.
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хот, Монгол Улсын Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
Монгол Улсын Ерөнхий сайд Баяннуур хотод ажиллах үеэрээ хүнсний “Цо Юань Хун Бо” ХХК болон Баяннуур хотын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн ордон, Ганцмод боомтод ажиллалаа.
