Синьхуа агентлагийн мэдээ: 9-р сарын 9-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын дарга Ли Жаньшү Пхеньян хотод БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай уулзлаа.
Ли Жаньшү эн тэргүүнд Ши Жиньпиний дотны мэндчилгээ, гарын үсэгтэй захидлыг Ким Жон Унд дамжуулав. Ши Жиньпин захидалдаа: БНАСАУ байгуулагдсан 70 жилийн турш Ким Ир Син дарга, Ким Жон Ир дарга болон таны удирдлагаар БНАСАУ-ын нам, ард түмэн социалист бүтээн байгуулалтын үйлсийг урагшлуулж, ер бусын амжилт гаргасан юм гэжээ.
Тэрээр: БНХАУ, БНАСАУ-ын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлэх нь Хятадын нам, засгийн газрын гуйвшгүй зарчим мөн. Энэ он гарснаас хойш тантай би гурван удаа уулзаж, чухал нийтлэг ойлголтод хүрч, БНХАУ, БНАСАУ-ын харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Тантай хамт БНХАУ, БНАСАУ-ын харилцааны төлөвлөлт, удирдамжийг чангатган, хоёр талын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэж онцолжээ.
Хоёр тал бүс нутаг, хойгийн чиг хандлагын талаар санал солилцжээ. Ли Жаньшү: Хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилт, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, асуудлыг яриа хэлцэл, зөвшилцлөөр шийдвэрлэхийг БНХАУ ямагт баримталдаг. Хойгийг энх тайван, тогтвортой хандлагаар хөгжүүлэхийн тулд гаргасан БНАСАУ-ын хичээл зүтгэлийг бид өндрөөр үнэлдэг. БНАСАУ, АНУ хоёр тал төрийн тэргүүний уулзалтын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, бие биедээ ойртон, энх тайвны яриа хэлцлийн чиг хандлагыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпиний гарын үсэгтэй захидалд Ким Жон Ун талархал илэрхийлээд, Ши Жиньпинд түүний дотны мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дамжуулахыг Ли Жаньшүгээс хүслээ. Ким Жон Ун: Та ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчийн хувиар БНХАУ-ын нам, засгийн газрын төлөөлөгчдийг даргалан айлчилж ирсэн явдал бол ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын нам, засгийн газар, ард түмний найрсаг сэтгэлийг харуулж, манай улс тунхагласны 70 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд өнгө нэмсэнд БНАСАУ-ын нам, засгийн газар, ард түмэн сэтгэл догдлон, урамшлаа гэжээ.
