
Бээжин хотноо Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны Яамны сайд Ван И 03-р сарын 08-ны өдөр хэвлэлийн бага хурал хуралдуулж, Хятадын дипломат бодлого, гадаад харилцааны зарим асуудлаар гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр хоёр цаг гаруйн хугацаанд Хятад улс дэлхийн олон оронтой хамт олон талт үзэл, НҮБ-аар төв болгосон олон улсын системийг эрс хамгаална гэж олон удаа хэлсэн байна.
Ардын Өдрийн сонины сэтгүүлч: - Хятад улсын дипломат харилцаа 70 жилийн хугацаанд олсон амжилт, туршлага, ач холбогдол нь юу вэ?
Ван И: - БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн 70 жилийн турш эв санаа нэгтэй тэмцэж, дэлхий дахины анхаарлыг татсан асар их амжилтад хүрсэн юм. Хятадын дипломат бодлого шинийг нээж, бэрхшээлийг даван туулж, сүр далайцтай түүхэн замналаар явж ирлээ. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Хятад улс дэлхийн тавцангийн төвд өдөр ирэх тусам ойртож байна. Хятадын дипломат бодлогын гялалзсан амжилт намын удирдлагатай салшгүй холбоотой. Энэ бол Хятадын дипломат бодлогын улс төрийн үндсэн баталгаа мөн. 2018 оны төвийн гадаад харилцааны ажлын хурлаар дарга Ши Жиньпиний дипломат харилцааны үзэл баримтлалыг удирдах статусаар тогтоосон нь БНХАУ-ын гадаад харилцааны онолын цаг үеийг заагласан чухал үр дүн юм. Мөн шинэ эриний Хятадын дипломат харилцааны мөрдөх үндэслэл болсон бөгөөд өнөөгийн дэлхий дахины элдэв ээдрээтэй асуудлыг зохицуулах зүг чиг болсон юм.
Өнөөгийн дэлхий ертөнц их өөрчлөгдөж байна. Хятадын гадаад харилцаа ч шинэ түүхэн гараанаас гарч, бид нөхөр Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны удирдлагаар Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлж, анхны зорилтоо үл умартан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энх тайван, хөгжлийн замыг баримтлан, хамтран ажиллаж хамтдаа ашиг олох үзэл баримтлалыг хэрэгжүүлж, өнөөгийн олон улсын системийг хамгаалан, олон улсын өмнө улам их үүрэг хүлээх болно. Үндэстний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхэд ашигтай гадаад нөхцөл байдал бүрдүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалан, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө улам их хувь нэмэр оруулна гэж хэлсэн юм.
БНСУ-ын Yonhap мэдээллийн агентлагийн сэтгүүлч: - Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй болон энх тайвны механизмыг байгуулах талаар Хятадын тал ямар хүсэлттэй байна, үүнд ямар үйлдэл үзүүлэх вэ?
Ван И: - Саяхан Ханой хотноо БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар уулзсан. Энэ бол Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх чухал алхам. Хоёр тал бэрхшээлийг даван туулж, дахин уулзаж, санал бодлоо солилцож байгаа нь өөрөө идэвхтэй ахиц юм. Олон улсын хамтын нийгэмлэг талуудыг ухаалаг, хүлээцтэй байхыг дэмжиж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын зэрэгцээ энх тайвныг тогтоохын төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэж хариуллаа. Тэрээр мөн:
- Яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж, зорилт чиглэлээ өөрчлөхгүй байвал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилт биелэх нь зайлшгүй юм. Солонгосын хойгийн асуудал олон жил дамнасан, зөрчил ээдрээ ихтэй учраас илүү их тэсвэр тэвчээр хэрэгтэй гэдийг талууд ухаарах ёстой гэж хэлсэн байна.
Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, асуудлаа яриа хэлэлцээрийн аргаар шийдэхийг баримтлан, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай дэмжинэ. Үүний төлөө бид 20 жил зүтгэж, орлуулшгүй их үүрэг гүйцэтгэсэн. Хятадын тал цаашид холбогдох талуудтай хамтдаа хичээн ажиллах болно гэж хэллээ.
Хятад-Араб телевизийн сэтгүүлч: - “Нэг бүс нэг зам” олон улсын дээд хэмжээний хоёрдугаар форумд хэдэн улс орны тэргүүлэгчид оролцох вэ. Хятадын тал тус форумаас яам үр дүнг хүсэж байна вэ?
Дөрөвдүгээр сард Бээжин хотод "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумыг зохион байгуулна. Ван И: - БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумын нээлтэд оролцон үг хэлж, удирдагчдын дугуй ширээний дээд уулзалтыг даргална гэж танилцуулсан юм. Форумын онцлогийн тухайд тэрээр:
- Энэ жилийн форум гурван гол онцлогтой.
Нэг. Дээд зиндаанд болно. Хуралд оролцохоор товлосон гадаадын удирдагчдын тоо анхдугаар чуулганыхаас илүү гараад байна.
Хоёр. Өргөн цар хүрээтэй болно. 100 гаруй улс орны хэдэн мянган төлөөлөгч оролцоно.
Гурав. Баялаг агуулгатай болно. Бүтээлч хамтын ажиллагааны 12 форум, анх удаа аж ахуйн нэгжийн эздийн уулзалт зохион байгуулж, үйлдвэр худалдааны салбарт хамтын ажиллагааны индэр гаргаж өгнө.
Энэ форум "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны чансаатай хөгжлийг ахиулах зорилготой. Хятад улс хамтран зөвшилцөж, хамтдаа байгуулж, хуваалцах зарчмын дагуу олон оронтой хөгжлийн стратегиа уялдуулж, хамтын ажиллагааны чухал төсөл боловсруулан хөгжүүлж, улам нягт түншийн харилцаа тогтооно гэж хэллээ.
Анса агентлагийн сэтгүүлч: - Хятад, Европын Улс төрийн харилцааны итгэлцлийг хэрхэн баталгаажуулах вэ. Итали улс “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжихээр хэлэлцэж байна. Энэ асуудлын талаар та бодлоо ярина уу?
Ван И: - Хятад улс Европыг гадаад харилцааныхаа чухал байранд тавьсаар байх бөгөөд Европын интегралчлалын үйл явц, эв нэгдэл, бие даасан хөгжлийг дэмжиж ажиллана. Ши Жиньпин дарга гуравдугаар сарын эцсээр энэ оны анхны айлчлалаа Европт хийхээр болсон нь Хятад улс Европын хөгжлийг бүрэн дэмжиж буйн илрэл юм.
Хятад, Европын харилцаа хөгжиж, хоёр талын нийтлэг ойлголт санал зөрөлдөөнөөсөө хавьгүй илүү байна. Ялангуяа, тогтворгүй хүчин зүйлээр дүүрсэн олон улсын нөхцөл байдлын өмнө олон талт үзлийг хамгаалж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх талаар Хятад, Европ нэгдмэл байр суурь, нийтлэг хүсэлтэй юм. Хятад, Европын харилцаа хааяа хөндлөнгийн оролцоо, сөрөг нөлөөнд өртдөг тул асуудлыг зөвшилцлөөр эвтэй хянаж зохицуулахыг Хятад улс Европын талаас хүсэж байна. Бие дааж эзэн мэдэх нь Европын уламжлал юм. Олон улсын тавцан дахь чухал хүчний хувьд өөрийн язгуур, алс хэтийн ашиг сонирхлоо харгалзан Хятад улсад бие даасан, тогтвортой, идэвхтэй бодлого хэрэгжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтдаа гүнзгийрүүлэн, олон улсын дэглэм, дэлхийн энх тайвныг хамтдаа хамгаална гэдэгт Хятад улс итгэлтэй байна. Итали зэрэг Европын олон орон Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг бид сайшаан дэмжинэ гэж илэрхийллээ.
Хятадын Төв телевизийн сэтгүүлч: - Хятад, Америкийн харилцааг хэрхэн үнэлэх вэ?
Ван И: - Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад, Америкийн зохицонгуй, хамтран ажилласан, тогтвортой харилцааг хамтдаа ахиулах нь хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголт. Мөн хоёр орны олон салбарын хамтдаа хичээн зүтгэх чиглэл зорилт юм. Хоёр тал хамтран ажиллавал хоёулаа ашиг олж, харилцан тэмцэлдвэл хоёулаа хохирохыг урьдын туршлага харуулж байна. Өрсөлдөөнийг хэт товойлговол хамтын ажиллагааны орон зай хумигдана. Америкийн тал аз туршсан тоглолт хийхгүй байж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явцдаа шударгаар өрсөлдөн, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан ашигтай хамтдаа хөгжихийг Хятадын тал хүсэж байна гэж хариулсан байна.
Өнөөдрийн Орос олон улсын мэдээллийн агентлагийн сэтгүүлч: - БНХАУ, ОХУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ онд хоёр улсын хамтын ажиллагааны тал дээрх онцлог юу вэ. Хоёр улсын харилцааны талыг хэрхэн үнэлэх вэ?
Ван И: - Хятад, Орос хоёр орны харилцаа ер бусын түүхэн замналыг туулж ирсэн юм. Хоёр орны харилцаа хүнд бэрх шалгуурыг давж байж улам боловсронгуй болсон төдийгүй зөв голдрилдоо орсон билээ. Хоёр орон улс төрийн талаар харилцан итгэлцэж, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт харилцан дэмжиж, өнөөгийн их гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болсон нь хоёр ард түмэнд асар их үр шимээ өгсөн төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан юм гэж хэллээ.
Ван И: - 2019 онд Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгож, хоёр орны стратегийн түншлэлийн иж бүрэн харилцааг шинэ түвшинд хөгжүүлнэ. Ши Жиньпин даргын урилгаар ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлан ирж, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд оролцоно. Хоёр орны төрийн тэргүүний хамтын удирдлагаар Хятад, Орос хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эринийг угтан авчирна гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байна.
Синьхуа агентлагийн сэтгүүлч: - Ирээдүйд Хятад улс ямар арга хэлбэрээр даяаршлыг хамгаалах вэ?
Ван И: - Даяаршлын эринд улс орнуудад багийн эв нэгдэл улам шаардлагатай учраас хүчээ нэгтгэн, бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой. Хятад улс бол олон талт үзлийг эрс хамгаалагч улс орон юм. Сүүлийн үед ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл өндийснийг улам олон орон эсэргүүцэж байна. Хятад улс “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” байгуулахын төлөө хүчин зүтгэл гаргаж, дэлхийн ихэнх улс орны нийтлэг ашиг сонирхлын талд зогсон, НҮБ-аар цөм болгосон олон улсын систем, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаална гэсэн хариулт өгөв.
Reuters агентлагийн сэтгүүлч: - Хятад, Америкийн харилцааг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ. Хоёр улсын харилцааны итгэлцлээ яаж нэмэгдүүлэх вэ. Хятад, Америкийн эдийн засгийн дайн дуусах уу?
Ван И: - Зарим хүн Хятад, Америкийг "Хөндийрүүлэх"-ийг хүсэж байна. Энэ бол бодит байдалд нийцэхгүй. Хятад улсаас хөндий байвал боломжоо алдана, ирээдүйгээс хол байна гэсэн үг. Дам утгаараа дэлхийгээс ч хөндий байна гэсэн үг. Хятад, Америкийн харилцаанд хамтран ажиллах, зөрчил маргаан зэрэгцэн оршиж ирлээ. Гэвч хамтын ажиллагаа нь санал зөрөлдөөнөөсөө хавьгүй илүү юм. Сүүлийн үед хоёр орны хооронд асуудал, зөрчил маргаан нэмэгдсэн. Гэвч түүхээс үзвэл, энэ нь Хятад, Америкийн харилцааны хөгжлийн хандлагатай нийцэхгүй байна. Хятад, Америкийн харилцааны ирээдүйг Хятад улс өөдрөгөөр харж байгаа. Манай хоёр орон сөргөлдөх шаардлага байхгүй. Цаг үеийн урсгалыг сөрсөн хүйтэн дайны сэтгэхүйг хэн ч дэмжихгүй гэж хэллээ.
Хятад, Америк хоёр орны ашиг сонирхол дээд хэмжээнд уялдсан юм. Ноднин хоёр орны худалдааны хэмжээ 630 тэрбум гаруй ам.долларт хүрч, хоёр талын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 240 тэрбум ам.долларт хүрсэн. Харилцан зорчсон хүмүүсийн тоо давхцсан тоогоор таван саяд хүрлээ. Америкийн бүх том компани Хятадад үйл ажиллагаа явуулж, бүх муж улс Хятадтай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа бол Хятад, Америкийн харилцааны гол тал хэвээр байна. Энэ нь хоёр орны удирдагч төдийгүй хоёр талын олон салбарын нийтлэг ойлголт юм. Сүүлийн үед Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцөлд бодит ахиц гарч, үүнийг хоёр орны олон салбар, олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна. Энэ нь харилцан хүндэтгэж, эрх тэгш зөвшилцвөл ямар ч бэрх асуудалд хоёр тал хүлээн авч болохуйц арга зам олж болно гэдгийг харуулсан юм гэж хэллээ.
Хятадын Өдрийн сонины сэтгүүлч: - Америк зэрэг улс орнууд “Нэг бүс нэг зам” санаачилгад сэжигтэйгээр хандаж, гүтгэж байгаа тухайд ямар байр суурьтай байна вэ?
Ван И: - “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаанд хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хуваалцах зарчмыг тууштай мөрдөж, талуудад хамтын ажиллагааны сайхан боломж нээж өгсөн юм.
“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлснээс хойших 6 жилд тус төсөл дэлхийд хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааны индэр, хүн төрөлхтөнд хамгийн их таалагдсан олон нийтийн бүтээгдэхүүн болсон юм. Эдүгээ 123 улс орон, олон улсын 29 байгууллага Хятад улстай “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, энэ санаачилгыг итгэн дэмжиж байна. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт бол "өрийн занга" биш, харин ч ард иргэдэд өгөөжтэй "бялуу", "Геополитикийн багаж" биш, харин хамтдаа хөгжих боломж гэдгийг бодит үйл хэрэг нотолж байна. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцсоноор олон орны хөгжлийн үйл явц түргэсч, зам дагуух орнуудын ард түмний амьдрал сайжран, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх хэтийн төлвийг нээсэн юм гэж хэлсэн байна.
GBC-ийн сэтгүүлч: - Хятад болон Африкийн харилцааг улам их хөгжүүлэх талаар ямар арга бодлого хэрэгжүүлж байна вэ?
Ван И: - Хятад, Африкийн харилцаа өнө удаан түүхтэй. Өнөөгийн байдлаар Хятад, Африкийн харилцаа хамгийн сайн цаг үедээ байгаа бөгөөд Хятад, Африкийн харилцаа нь олон улс болон Африкийн харилцааны дээд түвшинд байна. Хятад-Африкийн хамтын ажиллагааны Бээжин дэх дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулна.
Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь хэзээд нээлттэй бөгөөд Африкийн хөгжилд олон улсын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Бид энэ талаар жишээ үзүүлж, олон улс орон өөрийн давуу талаа бадруулан Африкт хөрөнгө оруулахыг уриалж байгаа бөгөөд Африкийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж илэрхийллээ.
Пакистаны мэдээллийн агентлагийн сэтгүүлч: - Хөрш орон болсон Хятад улсын зүгээс Пакистан, Энэтхэгийн харилцаа муудаж буй асуудлын тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Ван И: - Пакистан, Энэтхэгийн хэрэг учир дэлхийн анхааралд хүрч буй бөгөөд Хятадын тал эвлэрүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Пакистан, Энэтхэг бол хэзээд хувирашгүй хөрш орон. Хоёр орны ард түмэн хэдэн мянган жилийн үүх түүхтэй өмнөд Азийн эх газрын соёл иргэншилтэй бөгөөд хамтдаа тогтвортой хөгжил цэцэглэлийн чухал боломжид буй. Хятадын зүгээс Пакистан, Энэтхэг хоёр тал хоёр орны харилцааг сайжруулах урт хугацааны арга хайж олохыг хүсэж байна гэсэн хариулт өглөө.
Bloomberg агентлагийн сэтгүүлч: - Хятад элчин сайд Канад улс, Шведийн цагдааг таагүйгээр үнэллээ. Мөн Хятадын дипломат ажилтан Трампын бодлого нь Америкийг дэлхийн дайсан болгож байна гэж хэллээ. Энэ нь Хятадын гадаад харилцааг ахиулж чадах болов уу?
Ван И: - Хятад улс бусдыг дарамталж шахаанд оруулдаг уламжлалгүй, улс орон хүчирхэг боллоо гээд бусдад дээрэнгүй хандах нь Хятад улсын сонголт биш. Хятад улс мэдээж өөрийн эрх ашгаа хамгаална. Гэвч хэн нэгнийг дарамталж дээрэнгүй хандахгүй.
Өөр өөр соёл иргэншлийг харилцан хүндэтгэж, дэлхийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь Хятад улсын хэзээ ч өөрчлөгдөхгүй эрхэм зорилго, үзэл баримтлал юм. Дэлхийн улс орнуудтай адил Хятад улс хууль ёсны эрх ашгаа зайлшгүй хамгаална. Мөн улс орныхоо бүрэн эрх, нэр хүндийг хохироохыг хэрхэвч хүлцэхгүй. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл Хятад улсын дипломат ажилтнууд хаана ч гэсэн улс орныхоо байр суурийг тодорхойлж ажиллана. Бие даан эзэн мэдэхийг Хятад улс хүндэтгэнэ. Гэвч ганцаараа эзэрхэж, дур зоргоороо аашлахыг хүлцэхгүй. Хятад улс яаж ч хөгжсөн болсон үйл хэргийн талаар шударга үнэлгээ магадалгаа хийж, олон улсын хуулийн хүрээнд зохицуулахыг баримтална гэж хэллээ.
Энэтхэгийн Пресса трест сонины сэтгүүлч: - Хятад, Энэтхэгийн харилцааны асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хөгжүүлэх вэ?
Ван И: - 2018 он бол Хятад, Энэтхэгийн харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой нэгэн жил болно. Дарга Ши Жиньпин болон Ерөнхий сайд Модийн уулзалт нь хоёр улсын удирдагчдын харилцан итгэлцэл, нөхөрлөлийг зузааруулж, хоёр улсын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлжээ. Нийт 2.7 тэрбум хүн амтай, эртний соёл иргэншлилтэй, хөгжиж буй орон болон шинээр хөгжиж буй эдийн засагтай хоёр том гүрэн болсны хувьд бид өөрийнхөө мөрөөдлийн төлөө хамтран ажиллаж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд боломж хайж, Азийн сэргэн мандал, хөгжил цэцэглэлд хамтдаа хувь нэмэр оруулах хэрэгтэй. Нэг жилийн турш хоёр улсын Засгийн газрууд хоёр орны удирдлага нарын нийтлэг ойлголтын хүрээн дэх төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх тал дээр хүчин чармайж, амжилтад хүрчээ. Хятадын тал Энэтхэгийн талтай хамт хүмүүнлэгийн салбарын солилцоо зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн Хятад, Энэтхэгийн нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй нэмэгдүүлж, хоёр орны харилцааны хөгжилд хүч нэмнэ гэж илэрхийллээ.
Сингапурын Ляньхэ өглөөний сонины сэтгүүлч: - “Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим”-ын тухай хэлэлцээр ямар үр дүнд хүрч байна?
Ван И: - Хятад ба АСЕАН-ы холбогдох орнууд хоорондын "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын зөвшилцөлд тасралтгүй ахиц гарч, "төлөвлөгөө" маш тодорхой болсон. Хятадын тал 2021 оноос өмнө зарчмын зорилтоо биелүүлэх санаачилга дэвшүүлж, Хятадын талын үнэнч санаа, үүрэг хариуцлагыг нотлон харуулсан.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Хятадын тэнгисийн байдалд эерэг хандлага гарч байна. Шууд холбоотой орнууд хэлэлцээгээр дамжуулж, бодит маргаанаа зохицуулах, Хятад ба АСЕАН-ы орнууд хамтдаа бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах энэ хоёр үзэл санаа бол Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг зохицуулах зөв зам гэдгийг бодит хэрэг гэрчилсэн юм гэж хэлсэн байна.
Япон Асахи Мэдээний сэтгүүлч: - Дарга Ши Жиньпинийг Японд төрийн айлчлал хийх тал дээр ямар үнэлэлттэй байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн тулд талууд хэрхэн яаж ажиллах ёстой вэ?
Ван И: - 2018 оноос Хятад, Японы харилцаа хэвийн голдрилдоо буцан орж, харилцаагаа сайжруулж хөгжүүлэх эерэг хандлагатай боллоо. Энэ нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Хойшид үүнийг сайн ойлгож, сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Японы тал Хятадын хөгжилд прагматик, ухаалаг хандаж, нэгэнт тохиролцсон улс төрийн олон зарчмыг ягштал баримталбал Хятад, Японы харилцаа саад бэрхшээлийг арилган тогтвортой, гэгээн саруул ирээдүйгээ утгах болно. Үүний зэрэгцээ Хятад, Японы хамтын ажиллагааны нөөц хүчийг бүрэн дайчилж, улам өргөн уудам хамтын ажиллагааны орон зайг нээх болно гэж хэллээ.
Тэрээр мөн: - Хятад, Японы харилцааг саяхнаас сайжруулж эхэлж байна. Дараагийн шатанд үүнийг сайн ойлгож, сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүхэн үнэнийг хүндэтгэж, бодит байдлыг зөв ойлгон, саруул ирээдүйг цогцлоон байгуулж, зөв үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар улс төрийн үндэс суурийг улам бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ард иргэд хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлбэл Хятад, Японы харилцаа тогтвортой хөгжлийн үед орж, олон салбарын солилцоо улам нягтран олширч, дээд давхаргын хэлхээ холбоо эрчимжих болно гэж хэлсэн байна.
