
БРИКС-ын орнуудын удирдагчдын Х уулзалт 25-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо нээгджээ. Рейтер агентлаг мөн өдөр “Трампын худалдааны дайны аюул заналхийлэл БРИКС-ын орнуудад шинэ утга агуулгыг нэмсэн” гэх нийтлэл хэвлүүлж: БРИКС-ын орнуудын дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний нийлбэр 17 их наяд ам.долларыг давсан нь Европын холбооноос хамаагүй илүү үзүүлэлт юм. Трампын гаалийн татварын бодлого дэлхийн худалдааны маргааныг үүсгэж магадгүй учраас БРИКС-ны орнуудын удирдагчид хамтран олон талт үзэл баримтлалыг хамгаалах нь лавтай юм. Дэлхийн худалдааны зах зээлийн ээдрээтэй байдал энэ байгууллагад илүү их эрч хүч сэлбэж магадгүй юм гэжээ.
Барууны хэвлэл мэдээллийнхэн энэ удаад зөв таажээ. Дижитал эдийн засаг буюу дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгал эхэлчхээд байгаа нь хүнд сорилт, их боломжийг зэрэг бүрдүүлээд байна. Мөн АНУ-аас худалдааны маргаан өдөөгөөд байгаа энэ үед БРИКС-ын орнууд хамтаар хүчин нэгтэй тэмцэх нь яриангүй.
БРИКС-ын орнуудын удирдагчид мөн өдрийн худалдаа, аж үйлдвэрийн форумоор дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгалын боломжийг ашиглан, БРИКС-ын орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөтгөн, Африкийн эх хуурайн чөлөөт худалдааг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг түргэтгэн, ардын амьжиргааг сайжруулах болно хэмээн онцолжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин: БРИКС-ын орнууд дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг хөгжүүлэхийг баримтлан, ганц талт үзэл болон худалдааны ивээх үзлийг тууштай эсэргүүцэн, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй, төхөм байдлыг бий болгож, дэлхийн эдийн засгийг нээлттэй, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, шударга, хамраар хожсон хөгжлийн зам өөд хөтлөхөөр хичээн ажиллах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Ээлжит дарга орон болох Өмнөд Африк БРИКС-ын орнуудын энэ удаагийн дээд уулзалтын эрхэм зорилгоо “БРИКС Өмнөд Африкт : Дөрөвдүгээр аж үйлдвэрийн хувьсгалын явцад багтаамжтай, хамтаар хөгжсөн хамтын ажиллагааг тогтооё” хэмээн тодорхойлжээ. Энэ нь шинэ уриа биш хэдий ч сүүлийн жилүүдэд шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцын хөгжлийн явц дахь туршлагын үргэлжлэл бөгөөд ил тод Африкийн хэв загвартай уриа болсон юм.
Сүүлийн жилүүдэд баян ядуугийн зөрөө улмаар ихсэж, бүс нутгийн хөгжил тэнцвэртэй бус, даяаршлын эсрэг үзэл болон худалдааны ивээх үзэл газар авч эхлэв. Хэрвээ багтаамжтай, хүртээмжтэй хөгжлийг дэмжихгүй юм эдийн засаг болон нийгмийн зөрчил улам ил тод болно гэдгийг хөгжсөн орнууд, хөгжиж буй орнууд бүгд ухаарч эхэлжээ. Дэлхийн эдийн засгийн форум “2017 оны хүртээмжтэй өсөлт, хөгжлийн тайлан”-д: эдийн засгийн хөгжлийн загвар болон тэнцвэргүй байдлыг өнөөгөөс зохицуулахгүй юм бол эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ нийгмийн шударга бус байдлыг бууруулах чухал боломжоо алдаж эхлэх болно гэжээ.
Өөрийн хувь заяандаа эзэн болж, өөрийн хөгжлийн хэмнэлээ дагах талд БРИКС-ын орнууд нийтлэг хамтын ойлголтод хүрч чадсан. Багтаамжтай байх уу, гадуурхан тэмцэлдэх үү ? Олон талт үзлийг дэмжих үү ганц талт үзлийг хэрэгжүүлэх үү ? гэдэг асуудалд БРИКС-ын орнуудын удирдлагууд аль хэдийн хариулаад эхэлсэн. БРИКС-ын орнуудын хөгжлийн банк, “Бүс ба зам” санаачилга, БРИКС-ын орнуудын шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншлэл зэрэг олон янз хэлбэрийн хамтын ажиллагааны индэр, төслүүд тэдний сонголтыг тодорхой илтгэж байна.
