solongonews
Хятад, Энэтхэгийн харилцааг стратегийн өндөрлөгөөс хөгжүүлэх хэрэгтэй
2018-04-28 21:20
04-р сарын 27, 28-нд Үхань хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Модитой албан бус уулзалт хийсэн юм.

Ши Жиньпин хэлэхдээ: - Харилцан итгэлцэл бол Хятад, Энэтхэгийн харилцааг тогтвортой хөгжүүлэх үндэс суурь мөн. Тиймээс Хятад, Энэтхэгийн харилцаанд стратегийн өндөрлөгөөс хандаж, харилцан ойлголцол, итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлэн, хоёр орны олон салбарын болон иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Дараагийн шатанд хоёр орон хамтран иж бүрэн хамтын ажиллагаагаа сайтар төлөвлөх ёстой. Одоо хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Олон улсын байдал өөрчлөлт тохируулга хийх чухал үедээ байж, улс орнуудын харилцаа улам гүнзгийрч, энх тайванч хөгжил нь сөрж болшгүй урсгал боллоо. Хятад, Энэтхэг аль аль нь дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч, дэлхийн олон туйлт хөгжил, эдийн засгийн даяаршлын эрс хэлбэрэлтгүй хүчин учраас хоёр орны сайн харилцаа дэлхийн тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин болно.  

Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орж, ерөнхий сайд та “Шинэ Энэтхэг”-ийг байгуулах зорилт дэвшүүлсэн. Хөгжлийн замд хоёр оронд адилхан үүрэг тулгарч байна. Тиймээс хөгжилд түлхүү анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, үндэстний сэргэн мандалтыг хамтдаа биелүүлж, тогтвортой, хөгжин цэцэглэсэн XXI зууны Азийг байгуулахаар хичээн зүтгэх ёстой гэжээ.

Моди хэлэхдээ: Хоёр хоногийн турш би Ши Жиньпин дарга тантай илэн далангүй, гүнзгий ярилцаж, өнө эртний түүхтэй Жиньчүгийн соёлтой танилцлаа. Ши Жиньпин дарга та Энэтхэг, Хятадын харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, өөрөө удирдаж байгааг улам сайн ойлголоо. Энэтхэг, Хятад аль аль нь эртний соёл иргэншлийн өлгий мөн. Хоёр орон харилцан чухал хөрш учир яриа хэлцэл, солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, үеийн үед найрсаг байх хэрэгтэй гэжээ.

Моди хэлэхдээ: XXI зуунд Энэтхэг, Хятад хамтдаа энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн Ази тив болон дэлхийг байгуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэж, улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй. Энэтхэг, Хятад дээд давхаргын стратегийн хэлхээ холбоотой байхыг би сайшааж байна. Энэтхэг, Хятадын харилцааг хөгжүүлэх талаар бид нийтлэг ойлголттой, шийдвэр зоригтой, хүсэл эрмэлзэлтэй билээ. Хоёр тал хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа нягтруулан, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа авч, иргэд хоорондын найрсаг харилцаанд тус дөхөм үзүүлэн, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл