- Цөлжилтийн эсрэг тарьсан ойн экологийн орчин сайжирсны үрээр зэрлэг амьтад энд “нутагших” нь улам бүр нэмэгдэж, үнэг, бүргэд, могой зэрэг амьтад байнга зочилдог болсон гэж Ян Шянган баяртайгаар ярина. Мод тарьж ойжуулах ажлын аянд 30 орчим жил зүтгэж яваа тэрээр Ганьсү мужийн Жан-Е хотын Линьзэ шяний Цөлжилтийн эсрэг ойн хүрээлэнгийн намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд хүрээлэнгийн захирал юм. Тэдний олон жилийн уйгагүй хүчин чармайлтаар өнөөдөр энд биологийн төрөл зүйл улам баялаг болж байна.
Цөлжилтийн эсрэг элсний хяналтын ойн дундуур алхахад эргэн тойрон ногооноор хучигдан, бут бут заг мод элсийг тогтоон үндэслэж, навч мөчир нь газраар нэг хөглөрөн, цөлд багагүй амьд байгалийн өнгө нэмнэ. Ян Шянган нэг ширхэг заг модны дэргэд хүрч, анхааралтай ажиглав.
Нахиалан ургах зулзаган модод нь түүний сэтгэлд хүүхдүүдтэй нь нэгэн адил санагдаж, байнга санаа тавьж байдаг байна. Ян Шянган хичнээн завгүй байсан ч долоо хоног бүр элсний хяналтын бүсэд очиж, моднуудаа эргэдэг байлаа.
“Салхилахаар элс шууран, гэр байшинг булдаг” байсан Линьзэ шяний цаг агаарын дүр зураг саяхан юм шиг сэтгэлд тодхон. Өнгөрсөн үйл явдлуудыг эргэн санах бүр Ян Шянгангийн зүрх шимширдэг байлаа. Тэрээр энэ тухай ярихдаа:
- Цөлийг ногоон бүрд болгон хувиргаж, экологийн орчныг сайжруулах бол миний хамгийн том хүсэл мөрөөдөл гэж хэллээ.
Аль болох олон зулзаган моддыг үр дүнтэй амьд үлдээж, нэмэгдүүлэхийн тулд ойн хүрээлэн нь ус хадгалах бэлдмэлийг сурталчлах, төсөл хөөцөлдөх, мод шилжүүлэн суулгах, их, дээд сургуулиудын шинжлэх ухааны судалгааны институттай хамтран ажиллах зэрэг замаар цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хориглон тогтоох ажлын туршлагаа өргөтгөсөөр ирсэн. Улмаар мод тарьж ойжуулах өөрийн гэсэн өвөрмөц арга барилыг бий болгож, олон хоолойтой усалгааны технологийг бүтээн, элсний хяналтын ойн усны хомсдолын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж, элсийг тогтоох ба ойжуулах ажлыг нэгэн зэрэг хийх арга хэлбэрийг судлан гаргасан бөгөөд тарих, удирдах, хорих, үржүүлэх зэрэг арга бодлогоор ойн талбайг тасралтгүй өргөжүүлсээр байна.
Сүүлийн жилүүдэд ойн хүрээлэнгийн жил тутмын элсний хаалтны бүрэн бүтэн байдал 95 хувиас дээш, ой модны амьд үлдэх норм 85 хувиас дээш болж, нийт 72 мянган /4800 га/ мү талбай бүхий ой мод тарьсан байна.
Линьзэ шянь “Хамгаалалт ба ашиглалтыг хослуулах, элсний хяналт ба баяжуулалтыг уялдуулах, ойжуулалт ба чимэглэлтийг хослуулах” гэсэн цөлжилтийн эсрэг үзэл баримтлалыг баримталж, элсний хяналт, ойжуулалтын явцад иргэдийн амьдралын орчныг сайжруулан, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлсээр байна. Энэ нь мөн цөлжилтийн эсрэг үйл хэрэгт хамтран ажиллаж, шаргуу зүтгэсэн Ганьсү мужийн асар олон ард иргэд, албан тушаалтнуудын ил тод үлгэр жишээ юм.
Сүүлийн жилүүдэд Ганьсү муж Ши Жиньпин даргын дурдсан экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг гүнзгий хэрэгжүүлэн, өвс ургамлын нөөцийн нийт хэмжээг нэмэгдүүлэх, ой шугуйн чанарыг сайжруулахад анхаарч, уул, ус, ой, тариа, нуур, тал, элсний нэгдсэн хамгаалалт, системчилсэн удирдлагыг баримтлан, ногооруулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлснээр гол бүс нутгуудын экологийн нөхцөл байдал сайжирсаар байна. 2017-2020 онуудад “Бүс нутгийн ногоон байгууламжийг хөгжүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд дэмжих” ажлын хүрээнд Ганьсү мужийн “Гурван умард”-ын төсөл нь ойролцоогоор нийт 242 мянган га талбай ой мод тарьсан бол 2021-2022 онуудад “Шинжлэх ухаанчаар ногооруулах” төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш Ганьсү мужийн “Гурван умард”-ын төслийн хүрээнд ойролцоогоор нийт 87 мянган га талбай ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь Ганьсү мужийн “Гурван умард”-ын төслийн бүсэд орших 10 хот /жөү/-ын 46 шянь /дүүрэг, байгууллага/-ыг хамарсан байна.
