Арван нэгдүгээр сарын 11-нд Вьетнамын Танх Фо Да Нанг боомтод АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 25 дахь бага хурал боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хамтдаа ашиг хүртэх шинэ хуудсыг нээе" сэдвээр чухал үг хэлж, талууд инновацыг ахиулж, нээлттэй байхыг баримтлан, хүртээмжтэй хөгжлийн арга хэмжээг нааштай хэрэгжүүлж, түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулан, дэлхийн шинэ ээлжийн хөгжлийг түүчээлэхийг онцлов.

Тэрээр: 3 жилийн өмнөх энэ өдөр Бээжин хотноо бид Ази Номхон далайн хамтын ажиллагааны ирээдүйг төлөвлөсөн билээ. 3 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг аажмаар сэргэж, талуудын итгэл зориг улам нэмэгдэж байна. Өдгөө дэлхийн эдийн засагт гүн давхаргын олон өөрчлөлт гарч байна. Ази Номхон далайн орнууд бодит үйл ажиллагаа хэрэгжүүлж, дэлхийн шинэ ээлжийн хөгжлийг түүчээлэх ёстой. Үүнд:
Нэг. Инновацыг тасралтгүй ахиулж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүч бий болгоно.
Хоёр. Нээлттэй байдлыг хэлбэрэлтгүй өргөжүүлж, хөгжлийн өргөн орон зай гаргана.
Гурав. Хүртээмжтэй хөгжлийг идэвхтэй хэрэгжүүлж, иргэдэд илүү олзуурхах сэтгэгдэл төрүүлнэ.
Дөрөв. Түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхийг биелүүлнэ гэжээ.

Хурлын эцэст "АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 25 дахь бага хурлын тунхаг" баталсан байна.
