Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 08-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр удахгүй болох Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэл хийлээ. Ван Вэньбинь хэлэхдээ, энэ бол Хятад улсын энэ оны анхны томоохон дипломат арга хэмжээ бөгөөд Хятад болон Төв Азийн холбогдох орнууд дипломат харилцаа тогтоосноос хойш 6 орны төрийн тэргүүн нар биечлэн уулзаж буй дээд хэмжээний уулзалтын анхны тохиолдол юм. Хятад болон Төв Азийн орнуудын харилцааны түүхэнд чухал бэлэг тэмдгийн ач холбогдол бүхий үйл явдал юм.
ГХЯ-ны мөн өдөр нийтэлсэн мэдээнээс үзвэл Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт 05-р сарын 18, 19-ний өдрүүдэд Шаньши мужийн Ши-Ань хотод болно. Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтыг даргалах юм. Уулзалтад Казахстаны ерөнхийлөгч Касым Жормат Токаев, Киргиз улсын ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар оролцоно.
Ван Вэньбинь хэлэхдээ "Дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин илтгэл тавина. Төрийн тэргүүн нар Хятад, Төв Азийн харилцааны хөгжлийг дүгнэж, Хятад, Төв Азийн механизмын байгуулалт, олон салбар дахь хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал солилцоно. Улс төрийн чухал баримт бичгүүдэд хамтдаа гарын үсэг зурж, талуудын хамтын хүчин чармайлтаар энэхүү дээд хэмжээний уулзалт Хятад, Төв Азийн харилцааны шинэ төлөвлөгөө гаргаж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Мөн энэ хугацаанд Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистаны ерөнхийлөгч нар Хятадад төрийн айлчлал хийнэ. Энэ тухай Ван Вэньбинь хэлэхдээ "Хятад улс бүх талын нямбай бэлтгэл хийж, айлчлалыг бүрэн амжилттай болгохыг баталгаажуулж байна".
