solongonews
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийв
2019-04-25 19:09
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 25-нд АИХ-ын танхимд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин: - Хятад, Монгол хоёр орон уул ус залгалдсан найрсаг хөрш, сайн анд нөхөд, сайн түнш юм. Одоо хоёр орны харилцаа түргэн хөгжлийн замдаа орлоо. Хятадын тал дотно, үнэнч, хүртээмжтэй, уужуу байх зарчмаар Монголын эдийн засгийн хөгжил, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах хүчин чармайлтыг үргэлжлэн дэмжиж, Монголын талтай хамт улс төрийн зөв чиглэлийн бат баримталж, бүх талын хамтын ажиллагааг нэгдсэн журмаар төлөвлөн ахиулж, харилцан хүндэтгэсэн стратегийн түнш, харилцан ашигтай хамтын ажиллагааны түнш, байнгын харилцаа холбоотой найрсаг түнш, харилцан туслалцдаг олон талт хамтын ажиллагааны түнш байж, цаг үеийн шаардлагад нийцсэн Хятад, Монголын харилцаа байгуулахын төлөө хичээн ажиллаж, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэжээ.

Тэрээр: - Хоёр тал улс төрийн удирдлага, стратегийн ойлголцлоо эрчимжүүлж, дээд хэмжээний болон олон салбарын харилцаа холбоогоо хэвээр хадгалан, бие биеийнхээ хүнд чухал ашиг тус, анхаарал тавьж буй чухал асуудлыг хүндэтгэх ёстой. “Бүс ба зам”-ын санаачилга, “Хөгжлийн зам” стратегийг идэвхтэй холбон уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг улам олон бодит үр дүнд хүргэх ёстой. Худалдааны бүтцийг сайжруулж, хамтын ажиллагааны нөөцийг гүнзгий дайчлах ёстой. Хилийн боомтын солилцоогоо ахиулж, хилийн бүсээ хамтдаа хөгжүүлэн, хоёр талын худалдаа, хүмүүсийн харилцааг дөхөм дөт нөхцөлөөр хангах ёстой. Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд тохиолдуулж энэ онд хүмүүнлэгийн солилцоо хийх болно. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамтдаа хамгаалах ёстой гэжээ.

Х.Баттулга: - Хятад улстай урт хугацааны сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай түншийн харилцаатай байх нь Монгол Улсын дипломат харилцааны хэлбэрэлтгүй баримтлах тэргүүлэх чиглэл юм. Монгол улс нэг Хятадын бодлого баримталж, Тайвань, Төвд бол Хятадын нэг хэсэг, Тайвань, Төвдтэй холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг мөн гэдэг байр суурийг баримталдаг. Монгол, Хятад дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойгоор гараа болгож, Хятадын талтай хамт хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн хандлага зорилтыг төлөвлөж, “Хөгжлийн зам” ба “Бүс ба зам”-ыг холбож, худалдаа, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалт, иргэний агаарын тээвэр зэрэг хүрээн дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл