
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 28-нд Мадрид хотноо Испанийн ерөнхий сайд Педро Санчестай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд Хятад, Испани дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулж, хоёр орны харилцааг улам өндөр түвшинд хөгжүүлж, хоёр ард түмэнд улам их үр ашиг хүртээхээр санал нэгджээ.
Ши Жиньпин: Испани улстай тогтоосон уламжлалт найрамдлаа Хятад улс ихэд эрхэмлэж, олон улсын үйл хэрэг дэх Испанийн нөлөөг чухалчлан, Хятад, Испанийн иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг хамтдаа баяжуулан, олон салбарын хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх замаар өөр өөр соёл хоорондын солилцоог ахиулан, өөр өөр нийгмийн тогтолцоотой улс орон хоорондын харилцааны үлгэр жишээ болохыг хүсэж байна гэжээ.
Тэрээр: Хоёр тал дээд зиндааны хэлхээ холбоогоо нягтруулах хоёр орны харилцааны улс төрийн чигийг тодорхойлж, засгийн газрын байгууллага, хууль тогтоох байгууллага хоорондын солилцоог эрчимжүүлэн, амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан ойлгон дэмжиж, хоёр орны харилцааны урт удаан, эрүүл, тогтвортой хөгжлийг баталгаажуулах ёстой. Европын интегралчлалыг Хятад улс дэмжсээр ирсэн. Хятад, Европ хоёр тал олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалж, глобал засаглал зэргээр харилцан дэмжиж, зохицуулалтаа эрчимжүүлэх хэрэгтэй. Бид Нэг бүс нэг зам санаачилгыг Европын холбооны хөгжлийн стратегитай холбож, Ази, Европын дэд бүтцийн холболтыг хамт ахиулан, хамтын хөгжилд түлхэц өгөхөд бэлэн байна. Испанийн тал үүнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад-Европын харилцааны хөгжлийн зөв чиг хандлагыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.

Санчес: Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал бол БНХАУ-ын төрийн тэргүүний 13 жилийн дараа Испанид хийж буй төрийн айлчлал бөгөөд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйгаараа онцлог, түүхэн ач холбогдолтой юм. Шинэ нөхцөлд Хятадтай улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа тэлэхэд Испанийн тал бэлэн байна. Мөн Хятад улсын санаачилсан "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна. Испани бол олон талт үзлийн туйлбартай хамгаалагч учраас олон улсын үйл хэргийг зохицуулах явцад Хятад улстай олон талаар ижил төстэй байр суурьтай. Тиймээс Хятадтай зохицуулалтаа эрчимжүүлж, Европ, Хятадын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.
