БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ 03-р сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, элчин сайд Шин Хаймин саяхан Бээжин хотод өндөрлөсөн “Хоёр чуулган”-ы талаар мэдээлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан байна. Тус арга хэмжээнд МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг зэрэг МУ-ын гол гол хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид болон холбогдох салбарын 100 гаруй хүн оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин юуны өмнө МУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд Хятадын "Хоёр чуулган”-ы ерөнхий байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр:
- Энэ оны “Хоёр чуулган” нь ХКН-ын XIX их хурлаар Хятад улс шинэ эрин үед дэвшин орж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг тунхаглан Хятадын өөрчлөлт нээлтийн үйлс 40 жилийг туулсан түүхэн нөхцөл байдалд чуулсан юм гэж онцоллоо.
"Хоёр чуулган”-аар Ши Жиньпин дарга 100 хувийн саналаар БНХАУ-ын даргаар улиран сонгогдож, "БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл" батлагдаж, төрийн байгууллагуудын өөрчлөлтийн шинэ төслийг албан ёсоор боловсруулсан юм. Улмаар тус чуулганаар мөн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг тохоон томилж, хянан шалгах тухай хуулийг баталсан байна. Эдгээр том арга хэмжээ Хятад улсын хөгжлийн шинэ түүхэн байдалд үндэслэн, шинэ эриний түүхэн үүрэг хариуцлага хүлээж, намын XIX их хурлаар гаргасан аугаа их зорилт, төлөвлөгөөг биелүүлэн, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын шинэ байдлыг системтэй цогцлоон байгуулахад чиглэгдсэн юм гэж элчин сайд Шин Хаймин тэмдэглэлээ.

Элчин сайд Шин Хаймин:
- “Хоёр чуулган” бол зөвхөн Хятадын ард түмний том үйл хэрэг төдий биш, мөн дэлхий нийтийн анхаарал сонирхлыг ихээхэн татсан чухал үйл хэрэг болсон юм. МУ-ын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Хоёр чуулган"-ы талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлж, зарим сэтгүүлч найз нар "Хоёр чуулган"-ыг Хятад, Монголын харилцаатай уялдуулан, цуврал мэдээлэл бичиж нийтлүүлсэн байна. Эдгээр нь Монголын найз нөхдүүдийн Хятад улсын хөгжил дэвшилд маш их анхаарч байгааг харуулсан бөгөөд Хятад, Монголын бүх талын стратегийн түншийн харилцаа өрнүүн хөгжиж буйн бодит илрэл юм гэсэн байна.
2018 онд Хятад, Монголын харилцаа шинэ оргил үедээ дэвшин орно. Хоёр орны дээд удирдагчид харилцан байнга айлчилж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, хүмүүнлэгийн салбар дахь хэлхээ холбоо улам идэвхжих болно. Хятадын тал Ши Жиньпин даргын дурдсан "дотно, үнэнч, хүртээмжтэй, уужуу байх" үзэл ойлголт, "Хөршүүдтэйгээ найрсгаар харилцан, хөршүүдтэйгээ түншлэх" үзэл баримтлалын дагуу эргэн тойрны улс орнуудтай харилцах дипломат чиг шугамыг баримталж, Хятад, Монголын стратегийн харилцан холболтыг түргэсгэн хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг улам ахиулж, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээх болно гэж элчин сайд Шин Хаймин хэллээ.

Хэвлэлийн энэ бага хуралд элчин сайд Шин Хаймин Хятад, Монголын харилцаа, "Бүс ба зам" санаачилга болон МУ-ын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн хооронд стратегийн холболт хийх, Хятад, Монголын ажил хэрэгч хамтын ажиллагаа зэрэг асуудлаар МУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан байна.
