БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 14-нд Папуа Шинэ Гвиней улсад бие даасан төрийн айлчлал хийхийнхээ өмнө Папуа Шинэ Гвинейн “Шуудангийн сонин”, “Үндэсний сонин”-д “Хятад болон Ази Номхон далайн арлын орнуудын харилцааны шинэ хуудсыг дахин нээе” сэдэвт гарын үсэгтэй өгүүлэл нийтэлжээ.
Өгүүлэл: “Хятад болон Ази Номхон далайн арлын орнуудын харилцааны шинэ хуудсыг дахин нээе” БНХАУ-ын дарга Ши Жиньпин
“Шувуудын диваажин” гэгдсэн Папуа Шинэ Гвинейд би удалгүй төрийн айлчлал хийж, тус улсад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус XXVI хуралд оролцоно. Энэ бол миний Папуа Шинэ Гвиней улсад хийх анхны айлчлал, мөн БНХАУ-ын даргын тус улсад хийх анхны төрийн айлчлал юм. Энэ айлчлалыг би сэтгэл догдлон хүлээж байна гэжээ.
Папуа Шинэ Гвиней газар нутаг өргөн уудам, хүн ам олонтой Ази Номхон далайн арлын орон, байгалийн нөөц баялаг ихтэй, хөгжлийн асар их нөөц боломжтой, хүсэл найдвар бялхсан орон юм. Сүүлийн жилүүдэд, ерөнхий сайд Питер Чарльз Паирын удирдлагаар тус улсын засгийн газар, ард түмэн идэвхтэй ахиц гарган, үндэсний хөгжил дэвшлийг бэхжүүлж, нийгмийн шинэ дүр төрх бий болгосон юм. Папуа Шинэ Гвиней үндэсний бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн замдаа байнга шинэ олон амжилт гаргахыг хүсье. Мөн энэ удаагийн Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын албан бус хурлыг амжилттай зохион явуулахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе гэжээ.
Хятад, Папуа Шинэ Гвиней хоёр өнө эртний найрсаг харилцаатай юм. 100 гаруй жилийн өмнө Хятадууд тэнгис далайг дамнан Папуа Шинэ Гвинейд очиж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байдаг. 1976 онд хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон харилцан хүндэтгэж, шударгаар харилцан, харилцан ашигтай хамтран ажилласны үр шимээр хоёр орны харилцаа олон улсын харилцааны олон сорилтыг даван туулж, хөгжиж чадсан юм.
Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа түргэн хөгжлийн шинэ үе шатанд орлоо. Папуа Шинэ Гвиней бол Номхон далайн бүс дэх Хятад улсын худалдааны хамгийн том түнш, Хятад улс бол тус орны гадаад хөрөнгийн хамгийн том эх үүсвэр, бүтээн байгуулалтын төслийг хамгийн ихээр дааж ажилласан орон юм. Хятадын тусламжаар байгуулсан тусгаар тогтнолын өргөн чөлөө, олон улсын хурал чуулганы төв зэрэг барилга байгууламж нь Папуа Шинэ Гвиней улс энэ удаад АПЕК-ийн удирдагчдын албан бус хурлыг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Мөн Хятадын эмчилгээний баг 16 жил дараалан тус улсад хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлж, Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр байгуулсан усан цахилгаан станц, эмнэлэг, сургууль зэрэг нь орон нутгийн хамгийн онцлог, бэлэг тэмдгийн чанартай барилга байгууламж болсон юм. Хятадын аж ахуйн нэгжүүд тус улсын засгийн газрын дэвшүүлсэн “2030 он хүртэлх хөгжлийн стратеги”-д идэвхтэй нэгдэн, авто зам, гүүр, онгоцны буудал, усан боомтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцсон байна.
Одоо Хятад улс болон Номхон далайн арлын орнуудын харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн үедээ ирж, хөгжлийн олон боломж тохиож байна. Номхон далайн арлын орнуудтай хамтран зүтгэж, хоёр талт харилцааг хөгжүүлэх замаар улам сайхан ирээдүйг хамтдаа цогцлоход Хятад улс бэлэн байна гэжээ.
