БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хөлөглөсөн тусгай онгоц орон нутгийн цагаар O8-р сарын 21-ний оройн 11:00 цагт Өмнөд Африкийн Йоханнесбургт газардаж, ерөнхийлөгч Матамела Сирил Рамафоса, Гадаад харилцааны сайд, Эмэгтэйчүүд залуучуудын яамны сайд зэрэг засгийн газрын өндөр албан тушаалтныхаа хамт дарга Ши Жиньпинийг угтан авчээ.
Ши Жиньпин дарга Матамела Сирил Рамафосатай уулзахдаа:
- Өмнөд Африкт дахин айлчилж буйдаа баяртай байна. Хоёр талын харилцаа, хамтдаа анхаарал хандуулж буй асуудлаар эрхэм ерөнхийлөгч тантай санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна гэж хэллээ.
Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Өмнөд Африкийн засгийн газар, ард түмэнд дотнын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.
Тэрээр:
- Энэ жил Хятад, Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр талын стратегийн иж бүрэн түншийн харилцаа шинэ шатанд орж байна. Хятад, Өмнөд Африкийн харилцаа бэхжиж хөгжих нь хоёр ард түмэнд ач тусаа өгөөд зогсохгүй, донсолгоо ихтэй дэлхий ертөнцийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй том орон хоорондын хамтын ажиллагааны чухал индэр болсон БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулж, глобал засаглалыг боловсронгуй болгож, олон улсын харилцааны ардчиллыг нэмэгдүүлэх бүтээлч хүчин болсон юм. Энэ удаагийн чуулга уулзалт БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, хөгжиж буй орнууд эв санаагаа нэгтгэн хамтын ажиллагааны түвшнийг улам өндөрсгөхийг хүсэж байна гэж хэллээ.
