
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 21-ний орой Бээжинд БРИКС-ийн орнуудын удирдагчдын Палестин-Израилийн асуудлаарх дээд хэмжээний тусгай видео уулзалтад оролцож, үг хэлэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Энэхүү дээд хэмжээний уулзалт нь БРИКС-ийн гишүүн орноо өргөтгөсний дараах удирдагчдын анхны уулзалт юм. Өнөөгийн нөхцөл байдалд БРИКС-ийн орнууд Палестин-Израилийн асуудлаар шударга, энх тайвны төлөө дуу хоолойгоо хүргэж буйх нь цаг үеэ олсон, зайлшгүй шаардлага юм. Газын зурвас дахь мөргөлдөөн сар гаруй үргэлжилж, олон тооны жирийн иргэд амь үрэгдэж, хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдээд байгаа бөгөөд энэ нь улам бүр өргөжих хандлагатай байгаад Хятад улс гүнээ санаа зовж байна. Юуны түрүүнд мөргөлдөөнд оролцогч талууд нэн даруй гал, байлдааны ажиллагааг зогсоож, жирийн иргэдийн эсрэг хүчирхийлэл, халдлагыг зогсоож, баривчлагдсан энгийн иргэдийг суллаж, илүү ноцтой сүйрлээс зайлсхийх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүмүүнлэгийн тусламжийн аюулгүй, саадгүй байдлыг баталгаажуулж, Газын ард түмэнд хүмүүнлэгийн тусламжийг түлхүү хүргэж, Газын ард түмнийг хүчээр нүүлгэн шилжүүлэх, ус, цахилгаан, нефтийг таслах зэрэг шийтгэлийг зогсоох хэрэгтэй. Гуравдугаарт, олон улсын хамтын нийгэмлэг бодит арга хэмжээ авч, мөргөлдөөнийг дэвэргэж, Ойрхи Дорнодын бүх бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлөхөөс сэргийлэх ёстой.

Ши Жиньпин хэлэхдээ "Палестин, Израилийн хоорондох нөхцөл байдал өнөөдөр хүрсний үндсэн шалтгаан нь Палестины ард түмний төрт улс байх, оршин тогтнох, буцаж ирэх эрхийг удаан хугацаанд үл тоомсорлосон явдал юм. Палестин-Израилийн мөргөлдөөний ээдрээг зохицуулах үндсэн арга бол "хоёр улсын шийдэл"-ийг хэрэгжүүлж, Палестин үндэстний хууль ёсны эрхийг сэргээж, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах явдал гэдгийг би олон удаа онцолсон. Палестины асуудлыг шударгаар шийдвэрлэхгүй бол Ойрхи Дорнодод тогтвортой энх тайван байдал байхгүй болно. Олон улсын энх тайвны бага хурлыг аль болох хурдан зарлан хуралдуулж, энх тайвныг ахиулах олон улсын нийтлэг ойлголтыг бий болгож, Палестины асуудлыг эртхэн бүх талаар, шударга, урт удаан хугацаанд шийдвэрлэхийг Хятад улс уриалж байна.
Палестин-Израилийн мөргөлдөөн гарснаас хойш Хятад улс энхийн хэлэлцээг идэвхтэй дэмжиж, гал зогсоохыг дэмжсээр ирсэн. Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн байдлыг намжаахын тулд Хятад улс Палестины үндэстний эрх бүхий байгууллага болон НҮБ-ын агентлагуудаар дамжуулан 2 сая ам.долларын яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Египетээр дамжин Газын зурваст 15 сая юанийн үнэ бүхий хүнс, эм бэлдмэл зэрэг яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн Газын иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан эд материалын тусламж үзүүлсээр байх болно. Энэ сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит дарга орны хувиар Хятад улс Аюулгүйн зөвлөлөөс хүмүүнлэгийн коридорын хугацааг сунгах, энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг шаардсан холбогдох тогтоол гаргахыг шаардсан юм.
БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах чухал индэр юм. Өнөөдөр бид Палестин-Израилийн асуудлаар байр сууриа нэгтгэж, арга хэмжээ авч, гишүүнээ нэмсний дараа "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-ны эхлэлийг тавилаа" гэв.
