
Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Монгол Улсын УУХҮЯ-ны дэд сайд бөгөөд Монгол Улсын Энх тайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав, БСШСЯ, ЭМЯ, ЗТХЯ, ЦЕГ, шашны салбар, иргэдийн байгууллага, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн албаны хүмүүс, Монгол Улс дахь Хятадын цагаач иргэд, Хятадын харьяат нар, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, сайн дурын багш нар, МУ-ын их дээд сургуулиудад сурч буй оюутнууд, Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг хэдэн зуун хүн оролцов.


Элчин сайд Шин Хаймин тус арга хэмжээнд очиж, оролцсон бүх хүнд хандан, юуны өмнө Хятадын хаврын баяр, Монголын цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр: Саяхан ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдаж, тус их хурлаар Ши Жиньпин даргын шинэ эрний Хятадын онцлогтой социалист үзэл санааг тогтоож, чухал чухал үзэл ойлголт, магадлагаа нотолгоо, том том арга хэмжээг бүтээлчээр дурдсан нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв Хорооны улс төрийн дээд хэмжээний ур ухаан, ер бусын үүрэг хариуцлагыг харуулсан юм. ХКН-ын XIX их хурлаар Хятад улсын дараачийн шатны хөгжлийн зорилт, стратегийн байршуулалтыг тодорхойлон, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг цогцоолон байгуулах аугаа их зорилтыг дурдсан нь Хятад улсын ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон төдийгүй, бүх хүн төрөлхтөнд улам их аз жаргал эдлүүлэх, мөн Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжлийг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэсэн юм хэмээн онцолжээ.
Хятад, Монгол хоёр орон бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад амжилттай айлчилсан, хоёр орон стратегийн бүх талын түншлэлийн харилцаа тогтоосноос хойш, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж, хоёр ард түмний найрсаг сэтгэлгээ улам гүнзгийрлээ. Хятад, Монгол хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтуудыг хамтдаа хэрэгжүүлж, Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилга, Монголын "Хөгжлийн зам" хөтөлбөрийг холбож, хоёр орны улс төрийн итгэлцлийг улам нэмэгдүүлэн, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа холбоог ахиулж, хоёр орны харилцааг хөрш орнууд хоорондын харилцааны үлгэр жишээ болгон хөгжүүлэхийн тулд, шинэ онд Монголын талтай цаашид хамтран зүтгэхэд Хятадын тал бэлэн байгааг элчин сайд Шин Хаймин илэрхийллээ.
Улс хоорондын харилцаа нь иргэд хоорондын ойр дотно харилцаанд түшиглэдэг. Хятад, Монголын соёл харилцан холбоотой, зан заншил ч адил төстэй байдаг учраас энэ удаагийн "Хятадын өдөр" арга хэмжээгээр дамжиж, Монголын найз нөхөд Хятадын Ганьсү мужийн дуу бүжгийн театрын уран бүтээлчдийн тоглолтоос Хятадын уламжлалт соёлыг улам сайн ойлгож, Хятадын соёлын гүн гүнзгий утга учир, баялаг агуулгыг биечлэн мэдэрч, хоёр орны ард иргэд хоорондын ойлголцол, найрсаг сэтгэлийг улам бэхжүүлж, Хятад, Монгол хоёр орны агуу их найрсаг үйлсийн төлөө хүчин чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байна гэж элчин сайд Шин Хаймин тэмдэглэв.

Монгол Улсын УУХҮЯ-ны дэд сайд бөгөөд Монгол Улсын Энх тайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав "Хятадын өдөр" хаврын баярын арга хэмжээ амжилттай зохиогдож буйд юуны өмнө халуун баяр хүргэж, Монгол, Хятад хоёр орон бол найрсаг хөрш. Урт хугацааны турш, Хятадын талаас Монголын хөгжилд олон бодит туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэнд гүн талархал илэрхийлээд, Хятадын талтай улс төр, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, хоёр талын харилцааг шинэ шатанд гарган, хөгжүүлэхэд Монголын тал бэлэн байна хэмээн тэмдэглэжээ.
Тус арга хэмжээний хүрээнд, Хятадын Ганьсү мужийн дуу бүжгийн театрын уран бүтээлчид "Арслант бүжиг", электрон хийл хөгжим, "Мэлрэг цэцэг", "Баясгалант тогооч" зэрэг уран сайхны сонирхолтой сайхан тоглолт хийж, хурсан олны сонорыг баясгаж, мэлмийг мялаасан юм.
Үүний дараа, цанын баазад "Цаст газар дахь лууны бүжиг" хэмээх цанаар гулгах үзүүлбэр тоглолт болов. "Цаст газар дахь лууны бүжиг" бол "Хятадын өдөр" арга хэмжээний уламжлалт үзүүлбэр юм. Цаначид дөрвөн өнгийн аврага лууг бүжиглүүлэн, уулын оройгоос гулган бууж ирэхэд үзэгчид алга ташин бахдаж, тэдэнтэй дурсгалын зураг авхуулж байлаа.
/ХОУР-гаас Монгол Улсад суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/
