solongonews
ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид Хөвчийн үйл ажиллагаатай танилцлаа
2018-06-29 20:11
ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид “Elion” буюу “И Ли” группийн Хөвчийн элсэн цөлийг зассан үр дүнтэй танилцсан байна.

ШХАБ-ын Чиндао дахь уулзалтад оролцож буй улс орнуудын удирдагчид Хятадын ногоон хөгжлийн шинэ амжилт бүтээлийн талаар маш сонирхож байгаа аж. ШХАБ-ын нарийн бичгийн дарга Рашид Алимов, ШХАБ-ын үйл ажиллагааны тусгай төлөөлөгч Сүнь Лиже, нарийн бичгийн даргын орлогч Ван Кайвэнь, ОХУ-аас Хятад улсад суугаа элчин сайд Андрей Денисов, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Д.Ганхуяг нар 06 дугаар сарын 27-ны өдөр Бээжин хотноо байрлах И Ли экологийн хүрээлэнд айлчилж, И Ли группийн Хөвч элсийг зассан үр дүнтэй танилцсан байна.

Арга хэмжээний үеэр 

ШХАБ-ын нарийн бичгийн дарга Рашид Алимов хэлэхдээ:
- Би олон жилийн өмнө Хөвч элсэнд ирж байсан. Хөвч элсийг зассан үйл ажиллагаа намайг маш гайхшруулж, Тажикстан улс Хятадаас суралцах хэрэгтэй хэмээн онцлон ярьж байснаа санаж байна. Өнөөдөр энэхүү амжилт бүтээлийн үзэсгэлэнг харахад экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын салбарт Хятад улс гайхамшигтай амжилтуудыг гаргасан гэдгийг ахин дахин гүнзгий мэдэрлээ. Ши Жиньпин даргын удирдлагаар Хятад улсын ногоон хөгжил нь цөлжсөн бүс нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгснөөр барахгүй "Бүс ба зам" дагуух улс орнуудад ч ашиг шимээ хүртээх нь тодорхой юм гэжээ.

ШХАБ-ын нарийн бичгийн дарга Рашид Алимов

ОХУ-аас Хятад улсад суугаа элчин сайд Андрей Денисов хэлэхдээ:
- Орос улс нь маш хүйтэн учир цөлжилтийн асуудал оршдоггүй гэж олон хүн эндүү ойлгодог. Үнэндээ цөлжилт нь улс орон, бүс нутаг ялгадаггүй юм. Хилийн дээс цөлжилтийг хашиж чадахгүй нь тодорхой. ОХУ-ын Каспийн тэнгисийн орчмын тал нутагт жил бүр дунджаар хэдэн арван мянган га бэлчээр цөлжилтийн аюулд тулгарч байдаг. ШХАБ-ын ихэнх улс орон нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гишүүд юм. Тиймээс И Ли группийн цөлжилтийн эсрэг технологи, цөлжилтийг сааруулах загвар зэргийг ШХАБ-ын орнуудад сурталчлах нь зүйтэй юм гэжээ.

ОХУ-аас Хятад улсад суугаа элчин сайд Андрей Денисов

Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг хэлэхдээ:
- Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Мал аж ахуй хөгжин, байгалийн баялаг, ялангуяа ашигт малтмалын нөөц баялагтай боловч Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хувь нь тал газар, цөлийн бүсэд оршдог учраас цөлжилт ноцтой болж байна. И Ли групптэй хийж буй энэхүү удаагийн уулзалт маань хоёр орны цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны шинэ эхлэл болно гэдэгт найдаж байна гэжээ.
Тажикстан, Узбекистан, Пакистан, Казахстан зэрэг улсаас Хятадад суугаа элчин сайдууд ч мөн энэ жилийн 08 дугаар сард Хөвч элсэн цөлтэй биечлэн танилцаж, туршлага, арга хэлбэрийг суралцах хүсэлтэй буйгаа тус тус илэрхийлсэн байна.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Д.Ганхуяг

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл