Синьхуа агентлагийн мэдээ: 04-р сарын 08-нд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Германы Ханделсблат сонинд "Нээлттэй хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрье" сэдэвт нийтлэл гаргасан байна.
Нийтлэлд:
"Евро-Азийн эх газар Хятад улс ба Европ тивийг холбодог. Хэдийгээр түмэн бээрээр алслагдсан ч Хятад, Европын хамтын ажиллагааг хорьж чадахгүй юм. Би Хятад улсын Ерөнхий сайд болсноос хойш бараг жил бүр Европт айлчилж байна. Надад Хятад, Европын ард түмний найрсаг сэтгэл, Хятад, Европын харилцааны урт удаан хугацааны тогтвортой хөгжлийн эерэг хандлага ямагт мэдрэгддэг. Саяхан Ши Жиньпин дарга Европын гурван оронд амжилттай айлчилж, Хятад, Европын харилцааны хөгжлийг ахиуллаа. Энэ жил миний бие анхны гадаад айлчлалаа Европт хийж байна. Би Хятад, Европын холбооны удирдагчдын 21-р уулзалтад оролцож, хуучнаа дурсан, шинэтэй танилцаж, ирээдүйг угтана" гэж нийтэлжээ.
Мөн "Европ тив нээлттэй үзэл баримтлалтай. 60 гаруй жилийн турш Европ тив дотоодын интеграцчлалаар дамжин урьд өмнө байгаагүй уялдаа холбоотой болж, гадааддаа олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалан, бүс нутгийн болон дэлхийн хөгжил дэвшлийг ахиулж, нээлттэй хөгжих үзэл санааг ямагт баримталсаар ирсэн юм. Ийм үзэл санааны дагуу Европ тив Хятадтай харилцах тэргүүн эгнээнд явж ирлээ. Хятад улс Умард Европын орнуудтай дипломат харилцаа тогтоосон өрнөл, Хятад, Английн худалдааны “Мөс хагалсан аялал”, Хятад, Франц дипломат харилцаа тогтоосон зэрэг нь бүгд янз бүрийн саад бэрхшээлийг давж, Хятад, Европын харилцааны олон сайхан үйл явдлыг бичиглэсэн билээ" гэсэн байна.
Хятад, Европ бол харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны түнш, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах холбоотон юм. Хятад, Европын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан, Европ тивийг дэлхийн нэг чухал туйл хэмээн үзэж, Европын интеграцчлалын үйл явцыг ямагт хэлбэрэлтгүй дэмжсээр ирсэн бөгөөд эв нэгдэлтэй, хөгжин дэвшсэн Европ тив байхыг хүсэж байна. Төлөв байдал хэрхэн өөрчлөгдсөн ч энэ тал бол өөрчлөгдөхгүй. Европ тивийн ирээдүйн хөгжил, Хятад, Европын хамтын ажиллагаа гүнзгийрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна гэж нийтлэлд тэмдэглэсэн байна.
