Хятад улсын дарга Ши Жиньпин, Тунисын ерөнхийлөгч Кайс Сайед нар 10-р сарын 10-нд хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойд зориулан харилцан баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин баярын захидалдаа "Хятад, Тунис улс гүн зузаан найрамдалтай. Дипломат харилцаа тогтоосон 60 жилд олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж ирлээ. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл сүүлийн жилүүдэд улам бүр бэхжиж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй байна. 2022 оны 12-р сард болсон Хятад-Арабын дээд хэмжээний уулзалтын үеэр, миний бие ерөнхийлөгч Кайс Сайедтай уулзаж, Хятад Тунисын харилцааны хөгжлийн чиг хандлагын талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр орны харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор шинэ эхлэл болгож ерөнхийлөгч тантай хамт хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, найрсаг хамтын ажиллагааг илүү хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Кайс Сайед баярын захидалдаа "Тунис, Хятад улс урт хугацааны найрамдалт хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр тал сүүлийн жилүүдэд нийтлэг үнэт зүйлс баримталж, харилцаагаа өргөжүүлэхийг чухалчилж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байна. Хятад улстай бүх салбарт хэтийн өргөн төлөвтэй түншийн шинэ харилцаа өрнүүлж илүү өндөр түвшинд гаргахад Тунис улс бэлэн байна" гэв.
Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Тунисын ерөнхий сайд Ахмед Хасани нар баярын цахилгаан харилцан илгээжээ.
Ли Чян хэлэхдээ "Ерөнхий сайд Хассанитай хамт хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Хятад улстай үргэлжлүүлэн ойр хамтарч, хоёр орны найрамдлыг бэхжүүлж, олон салбарт солилцоо хийж, ард түмний ашиг сонирхолд үйлчлэхийг хүсэж байна гэж Тунисийн ерөнхий сайд Ахмед Хасани онцолжээ.
