Орон нутгийн цагаар 04-р сарын 04-нд Вашингтон хотноо АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны IX дээд зөвшилцлийг даргалж буй ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засаг худалдааны яриа хэлэлцээрийн Хятад талын тэргүүн Лю Хэтэй Цагаан ордонд уулзлаа.
Лю Хэюуны өмнө Ши Жиньпин даргын ерөнхийлөгч Трампд илгээсэн чин сэтгэлийн мэндчилгээ, аман захиаг уламжиллаа. Ши Жиньпин захиандаа: Өнгөрсөн сар гаруйн хугацаанд хоёр талын эдийн засаг, худалдааны баг янз бүрийн хэлбэрээр эрчимтэй зөвшилцөж, хоёр орны эдийн засаг, худалдааны хэлэлцээрийн гол гол асуудлаар бодит шинэ ахиц гаргасан. Хоёр талын эдийн засаг, худалдааны баг харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар хоёр талын сонирхсон гол асуудлыг шийдэж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээрийн эх бичгийн хэлэлцээрийг түргэн шуурхай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөгийн нөхцөлд Хятад, Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжил Хятад, Америкийн ард түмний ашиг сонирхол төдийгүй дэлхийн олон орны ард түмний ашиг сонирхолтой холбоотой учраас бид стратегийн удирдлагыг сайтар хэрэгжүүлэх шаардлагатай. Би ерөнхийлөгч тантай олон арга замаар нягт холбоотой байхад бэлэн байна. Мөн та бид хоёрын хамтарсан удирдамжийн дагуу Хятад, Америкийн харилцаа илүү их шинэ амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Трам Ши Жиньпиний аман захианд талархал илэрхийлж, Лю Хэгээр хариу мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр: Америк, Хятадын харилцаа сайн бөгөөд эрчтэй хөгжиж, түүхэн шинэ шатанд гарлаа. Хоёр талын эдийн засаг, худалдааны зөвшилцөлд асар их ахиц гарч буйг хараад би их баяртай байна. Хоёр талын эдийн засаг, худалдааны баг улам сайн ажиллаж, шийдэгдээгүй асуудлыг яаравчлан зохицуулж, иж бүрэн, түүхэн чанартай гэрээ байгуулахыг хүсэж байна. Энэ нь Америк, Хятад төдийгүй дэлхий нийтэд ач холбогдолтой. Хоёр тал хэлэлцээр байгуулсны дараа Ши Жиньпин даргатай уулзаж, энэ агуу их амжилтыг хамтдаа тэмдэглэхийг хүсэж байна. Хятад улс фентанил төрлийн эм бэлдмэлийн талаар чухал шийдвэр гаргасан явдалд миний зүгээс Ши Жиньпин даргад талархал илэрхийлье. Энэ нь Америкийн ард иргэд болон Америк, Хятадын мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм гэжээ.
