
Ван Жярүй тэргүүтэй Сүн Чинлин сангийн төлөөлөгчид Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн чухал ач холбогдолтой цаг мөчид Монгол Улсад айлчилж байгаад МАН-ын дарга, Засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүх баяртай байгаагаа илэрхийлээд: - 2018 оны 04-р сард миний бие БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр талын харилцааны хөгжлийн асуудлаар Хятадын талтай нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр орны ард иргэд хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлж, сэтгэл санааг нэгтгэн, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтын хэрэгжилтийг идэвхтэй ахиулах ёстой хэмээн онцолжээ. Тэрээр, олон жилийн турш хоёр нам, хоёр орны харилцаа, ард иргэдийн найрамдалт үйлст чухал хувь нэмэр оруулсаар ирсэн Ван Жярүй-д талархал илэрхийлсэн юм. Сүн Чинлин сан бол хүүхэд залуусын боловсрол, соёл, биеийн тамир, спортын салбарт нөлөө бүхий, үр ашигтай олон ажил хийсэн. Энэ айлчлалаар боломж болгон, Монголын талын олон байгууллагатай хэлхээ холбоо тогтоон, хоёр нам, хоёр ард түмний харилцаа холбоог бэхжүүлэн хөгжүүлэхийн тулд улам олон бодит ажил хийхийг У.Хүрэлсүх Сүн Чинлин сангийнханд хүссэн бөгөөд Хятад улсад айлчлахдаа Сүн Чинлин сангийн ажил байдалтай биечлэн танилцахыг хүсч байна гэжээ.

У.Хүрэлсүх: - Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН Хятадын ард түмнийг удирдан, дэлхий нийтийн анхаарлыг татсан хөгжлийн их ололт амжилтад хүрлээ. Төр улсаа удирдсан ХКН-ын туршлагаас МУ суралцууштай байна. 2021 онд, манай хоёр нам байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголын талын холбогдох байгууллагууд Сүн Чинлин сантай ард иргэдийн өнцгөөс ойн арга хэмжээнүүдийг хамтдаа төлөвлөхөд бэлэн байна. Монгол Улсын Засгийн газар үүнд дорвитой дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Ван Жярүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд: - Хятадын тал Монгол Улстай харилцаагаа хөгжүүлэх явдлыг дээд хэмжээнд чухалчилж, хоёр орны удирдагчид олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааны асуудлаар олон чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Монголын харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлж өгсөн юм. Хоёр ард түмний хэлхээ холбоо улам нягтрах нь найрсаг сэтгэлийг зузаатгах, хоёр талын харилцааг бэхжүүлэхэд ард иргэдийн сэтгэл санааны үндэс суурь болдог. Хятад, Монгол хоёр орны ард иргэд хоорондын хэлхээ холбоо, ялангуяа эм эмнэлэг, эрүүл мэнд, соёл, биеийн тамир спорт, хүүхэд залуусын хэлхээ холбоог улам эрчимжүүлж, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад Сүн Чинлин сан бэлэн байна гэжээ.

04-нд Сүн Чинлин сангаас Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 1 сая юанийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлажээ. Айлчлалын үеэр "Түн Рэнь" эмнэлгийн дэд захирал Вэй Вэньбинь, амбулаторийн тасгийн орлогч дарга Чяо Чүньянь зэрэг мэргэжилтнүүд Улаанбаатар хотын эмчилгээний байгууллагуудын эмч нартай уулзаж, тус тусын ажлын талаар харилцан мэдээлсэн байна.
Мөн өдөр Ван Жярүй тэргүүтэй Сүн Чинлин сангийн төлөөлөгчид Улаанбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд хүрэлцэн очиж, Хятадын бадминтоны дэлхийн аварга Жан Нин, Ван Ихань, Фү Хайфэн нар орон нутгийн хүүхэд залуустай авьяас чадвараа сорин тоглож, биеийн тамир спортын соёлоор хоёр орны ард иргэд хоорондын найрамдалт харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжууллаа.
Монгол Улсын хүүхэд залуусын дунд бадминтоны спортыг түгээн дэлгэрүүлэхэд зориулж Сүн Чинлин сангийн мастер аваргуудын сангаас Монголын бадминтоны холбоонд 200.000 юань хандивлажээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Сүн Чинлин сангийн дэд захирал Юй Чүнь, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ дахь МАН-ын гишүүн С.Батболд, Эх хүүхдийн үндэсний хүрээлэнгийн захирал Ш.Энхтөр, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Х.Сайхансанаа зэрэг албаны хүмүүс холбогдох арга хэмжээнд оролцсон байна.
