
Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Хайнань мужийн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны хурлын нээлтийн арга хэмжээнд "Нээлттэй байдлаар хөгжил дэвшлийг хамтдаа бүтээж, шинэчлэлээр ирээдүйг удирдан дагуулъя” сэдэвт илтгэл тавьсан юм. Олон улсын хамтын нийгэмлэг Ши Жиньпин даргын илтгэлийг маш их сонирхож, Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хөгжлийн бодлогоо хэлбэрэлтгүй баримтална гэдгээ зарлаж, нээлттэй байдлаа өргөтгөх талаар чухал арга хэмжээнүүд хэрэгжүүлж, Ази тивийн болон дэлхийн олон оронтой сайн сайхан ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулах санаачилга гаргасныг үнэлэн сайшаажээ.
Тайландын Үндэсний хөгжлийн удирдлагын академийн олон улсын асуудал судлаач эрдэмтэн Ли Рэньлян: 40 жилийн өөрчлөлт нээлтийн үр шимээр Хятад улс хурдтай хөгжсөн төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц өгч чадлаа гэжээ.
Пакистаны Пакистан, Хятадын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Али Наваз Жилани: Ши Жиньпин даргын өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлэх бодлого Хятадыг дэлхийтэй улам ойртуулж, Хятадыг улам нээлттэй болгоно гэжээ.
Филиппиний Атенио их сургуулийн Хятад судлаач мэргэжилтэн Лусио Питло: Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хөгжлийн бодлогоо хэлбэрэлтгүй баримталж байгаа нь хөгжиж буй орнуудад чухал санамж болох төдийгүй асар их боломж юм гэжээ.
Японы Майжи их сургуулийн эдийн засгийн институтийн профессор Сүн Лишюй: Ши Жиньпин дарга илтгэлдээ олон оронд хандан, ирээдүйгээ харж, гар нийлүүлэн хүчээ нэгтгэж, хамтдаа урагшлан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа цогцлоон байгуулъя хэмээн уриалж, Хятад улс дэлхийн энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй хөгжлийг ахиулах их гүрний үүрэг хариуцлагаа үүрч явааг харууллаа. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн шинжтэй асуудлуудыг зохицуулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
Энэтхэгийн Нехру их сургуулийн профессор Б.Р.Деерак: Ши Жиньпин дарга илтгэлдээ хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын чухал чанар, "Нэг бүс нэг зам" санаачилгыг олон удаа онцоллоо. Энэ бол бүс нутаг, дэлхийн эдийн засгийн хөгжилд дутаж болшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Азид төдийгүй дэлхийд үр шимээ өгөх болно гэжээ.
