solongonews
Гадаадынханы Хятад маягийн амьдрал
2026-11-26 10:25

2026 онд олон мянган гадаадын иргэн сошиалаар өөрийн Хятад маягийн амьдралаа бичлэгээр хуваалцаж байна. Савхаар халуун тогооны хоол идэж сурах, уламжлалт хятад анагаах ухааны эмнэлэгт зүү төөнүүрийн эмчилгээ хийлгэж үзэх, ханфү өмсөн эртний гудамжаар зугаалах зэрэг Хятадын өдөр тутмын амьдралын хэв маягийг туршин мэдрэх зэрэг үйл явдал урьд өмнө байгаагүй хурдаар гадаадад дэлгэрч байна.


дээрх зураг: 9-р сарын 6-нд гадаадын жуулчид Хүнань мужийн Жанжяжэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгийн Юаньжяжэ аялал жуулчлалын бүсээр аялж байна  Зургийг: Ү ЮНБИН
доорх зураг:Испанийн Барселона хот дахь “Поп Март”-ын дэлгүүрт Румын улсын нэгэн үйлчлүүлэгч “Лабубу” хүүхэлдэй худалдан авч байна   Зургийг: МЭН ДИНБӨ

 
Сошиалаар “Хятад хүн болох” моод
тасралтгүй өрнөж буйтай зэрэгцэн Хятадад аялах аялал жуулчлалын зах зээл ч шинэ өсөлттэй болжээ. Хятадын сүүлийн үеийн мэдээллээр, 2026 оны эхний хагаст Хятадад аялсан гадаадын жуулчдын тоо 22.914 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар өссөн байна. Цахим орчинд “Хятад хүн болох” хэмээх сэдэв олны анхаарлыг татаж, бодит амьдрал дээр “Хятадаар аялах” хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаа нь дэлхий дахинд Хятадын бодит, олон талт, цогц татах хүч улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.


“Хятад хүн болох”
моод гадаадад түгсээр
 
2025 оны 12-р сард “Хятад хүн болох” нэртэй богино хэмжээний видео TikTok платформд аажмаар түгж эхэлжээ. Тус бичлэгт Хятад гаралтай Америкийн нэгэн блогчин гадаадын үзэгчдэд Хятадын иргэдийн өвлийн улиралд эрүүл мэндээ хамгаалах арга, уламжлалт хятад анагаах ухааны үзэл баримтлал болон хооллолтын дадал зуршлыг танилцуулаад, хошигнон “Маргаашаас эхлээд чи Хятад хүн болно” хэмээн зарлажээ. Хэдхэн арван секундын уг богино бичлэг тун удалгүй нэг сая гаруй хандалт авч, сэтгэгдлийн хэсэгт “Би Хятад хүн болмоор байна”, “Энэ л миний хүсдэг амьдрал”, “Хятад хүн байх үнэхээр гоё юм” гэх мэт сэтгэгдэл дүүрч, улмаар соёл хоорондын амьдралын хэв маягийн шинэ давалгаа эхэлсэн билээ.
 
Өнөөдөр “Хятад хүн болох” нь гадаадын сошиал медиа платформуудын хамгийн их анхаарал татсан сэдвүүдийн нэг болж, гадаадын цахим хэрэглэгчид Хятад маягийн амьдралыг биечлэн туршиж үзэх явцдаа баяр баяслыг мэдэрч байна.
 
Өглөө эрт Нидерландын цахим хэрэглэгч нар мандахтай зэрэгцэн амьсгалын тамир буюу “Бадуаньжинь” дасгал хийж, нэг аяга бүлээн усаар өдрийг эрч хүчтэй эхлүүлнэ. Үдээс хойш Америкийн блогчин улаан чавга, лунъян жимсээр зутан хийж, удаан гал дээр чанаж, “гэдэс ходоодыг дулаацуулж, сэтгэлийг ч дулаацуулдаг” хэмээх сэтгэгдлээ хуваалцав. Орой Бразилын цахим хэрэглэгч гэрийн зөөлөн шаахай өмсөж, Хятадын хуучны “Энэ насны учрал” дууны аяыг аялангаа хөлөө бүлээн усаар угааж алжаалаа тайлна. Хятадын иргэдийн хувьд өдөр тутмын амьдралын энгийн хэсэг болсон эдгээр дадал зуршил гадаадад шинэ чиг хандлага, моод, олон хүн туршиж үзэхийг хүсдэг эрүүл амьдралын хэв маяг болжээ.
 
- Бүлээн ус уух, эрт унтаж эрт босох, өдөрт гурван удаа тогтмол хооллох зэрэг нь өдөр тутмын амьдралд шууд хэрэгжих боломжтой, энгийн агуулга юм. Энэ нь соёл хоорондын харилцаа, сурталчилгаанд дэлхийн нийтээрээ ойлгож, хүлээн авч чадах өдөр тутмын амьдралын сэдвүүдийг нээн ашиглаж, эрүүл мэндийг хамгаалах зэрэг Хятадын соёлын үзэл санааг амьдралын хэвшил, бодит нөхцөл байдалтай хослуулан нарийн, бодитойгоор харуулах хэрэгтэйг бидэнд сануулж байна гэж Үхань их сургуулийн профессор Шяо Жюнь хэлэв.

6 дахь удаагийн Фүжөүгийн мэлрэг цэцгийн цайны соёлын наадмын үеэр Фүжөүгийн Гадаад хэл, гадаад худалдааны их сургуулийн ажилтнууд гадаад оюутнуудад мэлрэг цэцгийн гарын бугуйвч хийхийг зааж байна  Зургийг: ШЕ ГҮЙМИН


Хятадаар аялах нь моод болсон

 
Америкийн бизнес эрхлэгч Илон Маск сошиалаар 8 дугаар сарын 11-ний өдөр "Хятад үнэхээр гайхалтай. Хятадад аялж үзэхийг би чин сэтгэлээсээ зөвлөж байна” гэж бичсэн байдаг. Түүний ээж Мэй Маск уг нийтлэлийг дахин хуваалцахдаа “Би санал нэг байна... Би Хятадад аюулгүй байдлыг мэдэрдэг, тиймээс Хятад руу аялах үнэхээр дуртай” хэмээн бичжээ.
 
Визгүй зорчих бодлого хэрэгжиж эхэлснээр улам олон гадаадын иргэн хүссэн үедээ Хятадыг зорьж, Хятадын хот, аялал жуулчлалын газруудаар аялж, дэлгүүр хэсэн, Хятад маягийн амьдралыг биечлэн мэдрэх боломжтой болж байна.
 
Гадаадын жуулчдын Хятадын амьдралын хэв маягт дурлах шалтгаан нь зөвхөн хоол хүнс, соёлоор хязгаарлагдахгүй. Хятадын тав тухтай өдөр тутмын амьдрал, технологийн хөгжилд өгч буй үнэлэмжээр ч илэрч байна. Тэд нар Хятадын хүргэлтийн үйлчилгээ, гар утасны төлбөр тооцоо, жолоочгүй автомашины технологийг ихэд сонирхдог. Их Британийн нэгэн жуулчин бүр гар утасны дугаарын карт авч, Хятадын өдөр тутмын тав тухтай амьдралыг илүү гүнзгий мэдрэхийг зорьжээ. Сингапурын нэгэн жуулчин жолоочгүй автомашинаар зорчиж үзээд, “Хэрэв ийм төрлийн тээврийн хэрэгсэл өргөн хэрэглээнд нэвтэрвэл би машин жолоодохыг ч хүсэхгүй байна” хэмээн ярьжээ.
 
Аялал жуулчлалын гол бүс, гудамж талбайгаар хязгаарлагдахгүй, хөл хөдөлгөөн ихтэй уламжлалт ардын соёлын арга хэмжээ нь гадаадын жуулчдад Хятадыг танин мэдэх өөр нэгэн цонхыг нээж өгчээ.
 
Энэ оны эхээр Бээжин хотын Дүнчэн дүүргийн Хунчяо зах дээр 100 гаруй гадаадын иргэн хамтдаа цагаан сарын шинийн арван тавны бөмбөлөг боов буюу Юаньшяо чанаж, Хятадын Цагаан сарын баярын уур амьсгалыг мэдэрч, “фү” хэмээх ерөөлийн ханз бичиж, хятад ханзны өвөрмөц утга, учрыг ойлгож, уламжлалт гар урлал хийж, биет бус соёлын өвийн ур чадварыг мэдэрчээ. Этиопын иргэн Давит, “Энэ арга хэмжээ маш сонирхолтой байлаа. Хятадын иргэдийн шинэ жилийг сайхан угтах гэсэн хүсэл эрмэлзлийг мэдэрч, үнэхээр дулаан сэтгэгдэл төрлөө” хэмээн ярив. Мозамбикийн иргэн Дерика уламжлалт гар урлалыг анх удаа туршиж үзээд “сонирхолтой бөгөөд үнэхээр сайхан санагдлаа” хэмээн дахин дахин хэлжээ.
  
Хятад амьдралын өнгө аясыг удаан хугацаанд мэдэрнэ

 
Олон тооны гадаадын жуулчин аяллынхаа үеэр цахим орчинд түгсэн Хятад маягийн амьдралыг туршин мэдэрч байгаа бол суралцах, ажиллах зорилгоор Хятадад удаан хугацаагаар амьдарч буй гадаадын иргэд өдөр тутмын амьдралаараа Хятадыг илүү гүнзгий мэдэрч байна.
 
БНХАУ-ын Боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын статистик мэдээллээр, 2024–2025 оны хичээлийн жилд дэлхийн 191 улс, бүс нутгаас ирсэн 380 мянга гаруй гадаадын оюутан Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харья хотын 1100 гаруй их, дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууллага болон бусад боловсролын байгууллагад суралцаж, судалгаа хийж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан нь өмнөх хичээлийн жилээс 15 хувиар өссөн байна.
 
Ирландын оюутан Лүө Жяэр Хятадад гурван жил суралцаж байна.
 
- Хятад маягийн амьдрал маш хөл хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байдаг. Хотод үргэлж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж, хаа сайгүй амьдралын халуун дулаан уур амьсгал мэдрэгддэг гэж хэлэв. Сургуулийнхаа хамтын уухай, дэмжлэгтэй спортын тэмцээн, луугийн бүжгийн үзүүлбэр, гар утсаараа эм захиалах, нийтийн дугуй унах зэрэг өдөр тутмын жижиг үйл явдал бүр нь түүний Хятадын талаарх бодит мэдрэмжийг бүрдүүлжээ. Төгссөний дараах төлөвлөгөөнийхөө талаар Лүө Жяэр:
 
-  Улсдаа буцаад соёлын харилцаа солилцоотой холбоотой ажил хийхийг хүсэж байна. Энд мэдэрч ойлгосоноо эх орныхоо илүү олон хүнд танилцуулахыг хүсэж байна гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
 
Их Британийн иргэн Жак Бээжин хотод 20 орчим жил амьдарч байна.
 
- Бээжинд ирэхээсээ өмнө миний төсөөлөл ихэвчлэн Бээжингийн эртний хааны ордны хориотой хот, Цагаан хэрэм зэрэг уламжлалт архитектурын дурсгалуудаар хязгаарлагддаг байлаа. Харин энд бечлэн ирээд үзэхэд асар уудам, хүмүүсийн өдөр тутмын амьдралын жинхэнэ өнгө төрх дүүрэн хот болохыг ойлгосон” хэмээн хуваалцав. Тэрээр олон жил Бээжин хотын хуучин хорооллын Хятад маягийн уламжлалт дөрвөлжин хашаа байшинд амьдарч, хотын хурдтай өөрчлөлтийг нүдээрээ харжээ. Үүний зэрэгцээ тэрээр аажмаар Хятадын зарим амьдралын дадлыг хэвшүүлжээ. “Би Хятадад ирснийхээ дараа л бүлээн ус уух дуртай болсон. Энэ нь эрүүл мэндэд их тустай гэж ярив.
 
Гадаадын сошиал платформд Хятад амьдралын хэв маягийг суралцан турших давлагаанаас эхлээд визгүй зорчих бодлогын ачаар хүссэн үедээ Хятадаар аялах, улмаар орон нутгийн амьдралд гүнзгий нэвтэрч, тухайн орчинд биечлэн оролцон амьдрах хүртэл “Хятад хүн болох” хэмээх хошигнол агуулсан энэ хэллэг олон янзын хэлбэрээр бодит, мэдрэгдэхүйц соёл хоорондын практик болон хэрэгжиж байна.
 
Нэг аяга бүлээн ус, нэг удаагийн халуун тогооны зоог, жолоочгүй автомашинаар зорчсон нэг удаагийн аялал зэрэг амьдралын өчүүхэн мэт хэсгүүд нь Хятад амьдралын хэв маяг дэлхий дахинд түгсэнийг харуулж байна.


Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : ЯНЬ БИН, Ү ШИНЮЙ, ВАН ЗЫШИНЬ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих