solongonews
Хятадыг танин мэдэрч, дэлхийд нээлттэй байя
2026-10-20 10:19

2026 оны Үндэсний баярын амралт/10-р сарын 1-нээс 7-ны өдөр хүртэл/-ын өдрүүдэд хятад жуулчид гадаадад аялж, алс холын улс орнуудын үзэсгэлэнт газруудыг зорьж байгаа бол дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын жуулчид Хятадад ирж, Хятадын өргөн уудам нутгийн байгалийн үзэсгэлэн, түүх соёлтой танилцаж байна. Визгүй зорчих бодлого улам өргөжиж, олон улсын агаарын тээврийн чиглэлүүд нэмэгдэн, хил дамнасан төлбөр тооцоо илүү хялбар болж буй зэрэг олон таатай нөхцөл нь хил дамнасан аяллын босгыг бууруулжээ. Энэ жилийн Үндэсний баярын амралтаар дотоод, гадаадын жуулчид харилцан зорчиж, соёл, аялал жуулчлалын солилцоогоор дамжуулан бие биенийхээ сайн сайхныг мэдэрч, ойр дотно харилцаа, аялал жуулчлалаар дамжуулан найрамдлын үр шимийг хүртэж байна.

10-р сарын 1-нд Хайнань мужийн Санья хотын Наньшань соёл, аялал жуулчлалын бүсэд гадаадын жуулчид биет бус соёлын өв болох хулсан бүжгийг туршиж байна   Зургийг: ЧЭНЬ ВЭНЬ-Ү


Хил дамнасан аялал тасралтгүй нэмэгдэж байна
 
Хятадад олон удаа зорчиж байсан Австралийн бизнес эрхлэгч Шарон Бенжамин Хятадын Үндэсний баярын үеэр шинэ худалдан авалтын төлөвлөгөөтэйгээр дахин айчлан иржээ. Тэрээр байгаль орчинд ээлтэй өдөр тутмын хэрэглээний барааны чиглэлээр олон жил бизнес эрхэлж байгаа бөгөөд визгүй зорчих боломж бүрдсэнээр хоёр орны хооронд хүссэн үедээ саадгүй зорчих боломжтой болсон байна. Хятадын Олон улсын агаарын тээврийн компанийн Мельбурн дахь салбарын мэдээллээр, одоогоор Мельбурн-Бээжингийн шууд нислэгийн хүчин чадал өнгөрсөн оныхоос мэдэгдэхүйц нэмэгдэж, орон нутгийн зах зээлд Хятад руу зорчих талаарх лавлагаа, сонирхол тасралтгүй өсөж байна.
 
Хятадын Үндэсний гадаадын иргэн харьяатын удирдах газрын статистик мэдээллээр, саяхан өндөрлөсөн
тэргэл сарны баярын амралтын өдрүүдэд хилээр нэвтэрсэн  дотоод, гадаадын зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөн байна. Үүнээс гадаадын иргэдийн тоо 37.7 хувиар, харин визгүй зорчих бодлогод хамрагдан Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 32.7 хувиар тус тус өсжээ. Амралтын үеэр хил дамнасан төрөл садантайгаа уулзах, амралт аялал жуулчлал, бизнесийн зорчих хэрэгцээ зэрэг гурван чиглэлийн эрэлт зэрэг нэмэгдсэн байна.
 
2026 оны 1-ээс 8 дугаар сард улсын хэмжээнд хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд нийт 499 сая зорчигчийг шалган нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өссөн. Үүнээс гадаадын иргэд 61.287 саяд хүрч, 19.5 хувиар өссөн байна. Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдээс визгүй зорчих журмаар нэвтэрсэн хүний тоо 23.72 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар нэмэгдлээ.
 
Үүний зэрэгцээ улам олон улс орон, бүс нутаг Хятадын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлж эхэлснээр хятад жуулчдын гадаадад аялах чиглэл улам бүр төрөлжиж байна. Хятад-Лаосын төмөр замын хил нэвтрэх чухал боомт болох Юньнань мужийн Мөхан боомтоор Үндэсний баярын амралтын үеэр хил дамнасан зорчигч тээврийн галт тэрэг өдөрт дунджаар 12 удаа зорчиж, олон хятад жуулчин галт тэргээр Хятад, Лаосын хооронд аялж байна.


10-р сарын 6-нд Хятадын жуулчид Испанийн Барселона хотын алдарт архитектурын дурсгалт газрын өмнө дурсгалын зураг авахуулж байна  Зургийг: ХҮ АН ГОСА


Аялал жуулчлалын харилцаа улам бүр төрөлжиж байна
 
Хятадын Үндэсний баярын амралтын үеэр Хорватын нийслэл Загреб хотын гудамжаар Хятадын олон жуулчин аялж, Төв Европын өвөрмөц өнгө төрх бүхий тус хотын дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж байна. Аяллын хөтөч Тео Шмуркич: - Хятадын жуулчдын тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна гэж хэллээ.
 
Загреб хотын Аялал жуулчлалын газрын дарга Мартина Биненфельдийн мэдээлснээр, энэ оны 9 дүгээр сард тус хотод хүлээн авсан Хятадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 7 хувиар, хоноглон аялсан жуулчдын тоо 8 хувиар тус тус өссөн байна. 9 дүгээр сарын эхээр Бээжин-Загреб чиглэлд анх удаа шууд нислэг үйлдэж эхэлсэн нь мэдэгдэхүйц үр дүн үзүүлж, Хятадын жуулчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ Хорватын иргэдийн Хятадад аялах сонирхол, зорчих тоо ч өсөж байна гэж хэлэв.
 
Хятадаас алс хол орших Өмнөд Америкт Хятад, Бразилын аялал жуулчлалын харилцаа мөн эрчимжиж байна. Энэ оны эхний найман сард Бразилд зочилсон Хятадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 73.3 хувиар өсөж, 2025 оны бүтэн жилийн хэмжээнээс хэдийн давсан байна.
 
Орон нутгийн аялал жуулчлалын зах зээл ч Хятадын жуулчдын хэрэгцээнд идэвхтэй нийцүүлэн хөгжиж байна. Торгоны замын аялал жуулчлалын хотуудын холбооны анхны гишүүдийн нэг болох Бразилын Фос-ду-Игуасу хот Хятадын сошиал медиа платформуудаар дамжуулан орон нутгийн аялал жуулчлалын нөөц, бүтээгдэхүүнийг Хятадын жуулчдад сурталчилж байна. UnionPay International Бразилын түнш байгууллагуудтай хамтран орон нутгийн дижитал UnionPay карт гаргаж, Хятад-Бразилын хил дамнасан QR кодын харилцан холболтын төсөл туршилтын журмаар хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр арга хэмжээ нь хил дамнасан аяллын үеийн төлбөр тооцоо болон мэдээллийн зөрүүтэй холбоотой саад бэрхшээлийг арилгаж, дэлхийн бөмбөрцгийн зүүн, баруун хагасыг дамнасан аяллыг илүү хялбар, саадгүй болгожээ.
 
Австралийн Мельбурн хотын нисэх онгоцны буудалд олон зорчигч өөр өөрийн хүсэл, хүлээлттэйгээр Хятадыг зорьж байна. Австралийн залуу Майкл Хятадын Жянсү мужийн Чанжөү хотод найзынхаа хуримд оролцохоор явж байгаа аж. Түүний хувьд Хятадад хийх энэ аялал нь зөвхөн аялал жуулчлалын зорилготой бус, найзынхаа гэр бүлтэй танилцаж, Хятадын ахуй амьдралыг ойлгох боломж юм.
 
ОХУ-ын Самара хотын аялал жуулчлалын компанийн ерөнхий захирал Олеся Разумная:
- Бид орос иргэдийн Хятад руу аялах аяллыг зохион байгуулахын зэрэгцээ ОХУ-д ирж буй олон хятад жуулчдад үйлчилдэг. Ийнхүү хоёр талын жуулчид харилцан зорчих явцад Хятадын соёл, аялал жуулчлалын зах зээлийн асар их эрч хүчийг бид биеэрээ мэдэрч байна гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

10-р сарын 4-нд Италийн Ром хотод Хятадын жуулчин Колизейн дэргэдэх нэгэн ажиглалтын талбайд дурсгалын зураг авахуулж байна    Зургийг: ЛИ ЖИН

 
Соёлын солилцоо улам бүр гүнзгийрч байна
 
Өнөөгийн хил дамнасан аялал жуулчлал нь зөвхөн “үзэсгэлэнт газрууд үзэх”-ээс “туршлага хуримтлуулах, танин мэдэх” чиглэлд шилжиж байна. Хятадад ирж буй гадаадын жуулчид алдартай дурсгалт газруудаар зочлоод зогсохгүй хот, хөдөө орон нутгаар аялж, нутгийн хоол амталж, Хятадын уламжлалт соёлыг биечлэн мэдэрч байна. Харин хятад жуулчид гадаад улс оронд аялахдаа кино, телевизийн бүтээл, уран зохиол болон тухайн орны өдөр тутмын амьдралыг улам ихээр сонирхох болжээ.
 
Европын аялал жуулчлалын худалдааны төлөөлөгч Ханс:
- Хятад улс байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлоос гадна маш баялаг хоол хүнс, соёлын туршлагыг санал болгодог. Энэ бүхэн Европын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг гэж ярилаа.
 
Дэлхийн аялал жуулчлал, аяллын зөвлөлийн мэдээллээр, 2025 онд Хятадын аялал жуулчлалын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байсан бөгөөд Хятадад зорчсон гадаадын жуулчдын зарцуулалт 10 гаруй хувиар өссөн байна.
 
Олон хятад жуулчны хувьд аялал нь зөвхөн амарч, алжаалаа тайлах бус, бусад орны соёлтой танилцаж, биечлэн мэдрэх үйл явц болжээ. Их Британид “Харри Поттер” цуврал, “Wuthering Heights” зэрэг кино, телевизийн бүтээлүүдийн зураг авалт хийсэн газрууд аялал жуулчлалын эрэлттэй чиглэл болж байна. Шотландын Аялал жуулчлалын байгууллага саяхан Хятадын сошиал медиа платформд “Арван сарын амралтаар Шотландад аялах нь” нэртэй аяллын зөвлөмжийг нийтэлж, хоол хүнс, хувцас, байр, тээвэр болон алдартай үзмэрүүдийг танилцуулахын зэрэгцээ хулууны талбайд очиж хулуу сонгох, номын баярт оролцох, ойн цэцэрлэгт хүрээлэнд од харах зэрэг онцлог үйл ажиллагааг жуулчдад санал болгожээ.
 
Хятадын Үндэсний баярын амралтын үеэр дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй дотоод, гадаадын жуулчдын “харилцан зорчих хөдөлгөөн” нь зөвхөн зорчигчдын урсгалын тоон үзүүлэлтээр төдийгүй хүмүүсийн уулзалт, харилцаа, ойлголцлоор илэрч байна. Хятад
ын болон гадаадын жуулчид хил дамнан аялж, улам олон шинэ чиглэл нээн, өөр өөр соёл иргэншлийг мэдрэхийн зэрэгцээ бие биедээ ойртож, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж байна. Аялал жуулчлал нь Хятад улс болон дэлхий ертөнцийг холбосон гүүр болон хөгжжээ.


 

 

Редактор : Б.ХУРЦ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих