solongonews
Ши Жиньпин Зардари нар сансрын нислэгийн амжилттай холбогдуулан баярын цахилгаан солилцлоо
2026-11-26 10:25
Ши Жиньпин Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай хоёр улсын сансрын нисгэгчид оролцсон хамтарсан нислэгийн амжилттай холбогдуулан баярын цахилгаан солилцлоо

11-р сарын 25-ны өдөр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар хоёр улсын сансрын нисгэгчид оролцсон хамтарсан нислэгийн амжилттай холбогдуулан баярын цахилгаан солилцлоо.
 
Жиньпин илгээлтдээ: “Пакистаны сансрын нисгэгч Хятадын Шэньжоу хөлгөөр сансарт амжилттай хөөрч, манай сансрын станцад ажилласан анхны гадаадын нисгэгч болсон баярт мэдээг талархан хүлээн авлаа. Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Пакистаны Засгийн газар, ард түмэнд болон хоёр улсын сансрын нисгэгчид, энэ салбарын нийт эрдэмтэн, мэргэжилтнүүдэд чин сэтгэлийн халуун баяр хүргэе” хэмээн онцолсон байна. 
 
Ши Жиньпин Хятад, Пакистан бол бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншүүд гэдгийг онцлон тэмдэглэв. Дипломат харилцаа тогтоосноос хойших 75 жилийн хугацаанд хоёр орны уламжлалт найрамдал цаг хугацааны шалгуурыг даван улам бэхэжсээр ирсэн. Хоёр улсын сансрын нисгэгчид сансар огторгуйг судлахаар мөр зэрэгцэн хөөрсөн нь Хятад, Пакистаны гүн бат нөхөрлөлийн тод илрэл төдийгүй хоёр талын хамтын ажиллагааны түүхэн дэх бас нэгэн чухал ололт амжилт боллоо гэж тэрбээр тэмдэглэжээ.
 
Ши Жиньпин Хятадын сансрын станц бол энх тайван, нөхөрлөл, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн Хятад улс Пакистан тэргүүтэй дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллаж, сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах зарчмыг тууштай баримтлан, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, энэ салбарын дэлхийн засаглалыг сайжруулахын зэрэгцээ сансар судлалын үр шимийг хүн төрөлхтөнд тэгш хүртээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
  
  
Пакистан, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг үед Пакистаны анхны сансрын нисгэгч Хятадын сансрын станцад хөл тавьснаар хоёр орон энэ салбарт түүхэн хамтын ажиллагааг эхлүүллээ гэж Ерөнхийлөгч Асиф Али Зардари мэдэгдэв. Тэрбээр мөн “Пакистаны Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү хамтын ажиллагаа нь Хятадын сансрын технологийн гайхамшигт ололт амжилтыг харуулж, сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах тууштай байр суурийг нь илэрхийлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг цогцлоохын ач холбогдлыг онцолж байна. Энэ үйл явдал хоёр орны уламжлалт найрамдлыг улам бэхжүүлж, бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг шинэ түвшинд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй” гэж онцоллоо.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих