solongonews
Гэрэлт ирээдүй зүг тэмүүлье
2026-10-26 10:54

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 16-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод ажиллаж, Хийр нуур болон Өндөр технологийн аж үйлдвэрийн бүстэй танилцав. Тунгалаг ус, ногоон уулс, ногоон тооцооллын хүчний салбар нь эдийн засаг, нийгмийг чансаатай хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг өндөр түвшинд хамгаалах бодлогыг уялдуулан хэрэгжүүлж буйн тод жишээ юм.
 
Өвөр Монголд нуурыг ихэвчлэн “далай” хэмээн нэрлэдэг бөгөөд усыг байгалийн үнэт бэлэг хэмээн үздэг. Хөлөн нуур, Улаансухай нуур, Даагын нуур... Өргөн уудам тал нутагт сувд мэт тархан орших эдгээр нуур, уул ус, ой мод, тариалангийн талбай, нуур цөөрөм, бэлчээр, цөл газраас бүрдэх амьдралын хувь заяаны нэгдмэл цогц нь Ши Жиньпин даргын сэтгэлд үргэлж хоногшсон байдаг. Тэрээр:
 
- Өвөр Монголын хэд хэдэн чухал нуурыг хамгаалж, сэргээн засварлах талаар би өмнө нь тодорхой шаардлага тавьж байсан гэж онцолж байв.
 
Одоогоос гурван жилийн өмнө дарга Ши Жиньпин зуны аагим халуунд Улаансухай нуурт ажиллаж байсан дүр зураг одоо ч тодхон санагдана. Энэ удаа дарга Ши Жиньпин умард нутгийн намрын борооноор Хийр нуурын эрэгт хүрч ирлээ. Нуурын эргээс алсыг ширтэхэд, нүдний өмнө цэлийх өргөн уудам нуур нь 20 жилийн өмнө ширгэж, хатах аюулд хүрч, шар шороо тэнгэрт дэгддэг байсныг төсөөлөхөд бэрх. Газар дээр нөхцөл байдалтай нь танилцсаны дараа дарга Ши Жиньпин сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “Шувуу цөөнгүй байна. Эндхийн усны экосистем сайн сэргэжээ” гэж тэмдэглэв. Тэрээр цааш нь “Өвөр Монгол ийм нууртай байна гэдэг ховор завшаан юм. Эдгээр нуурыг үнэхээр үнэт баялагаар үзэж, сайтар хамгаалах хэрэгтэй” гэж онцоллоо.
 
Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах бүрдээ экологийн аюулгүй байдлыг бататгах асуудлыг хөндсөөр ирсэн. 2018–2022 оны Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үеэр Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт таван удаа оролцож, Өвөр Монголын экологийн хамгаалалтын талаар гүнзгий бөгөөд тодорхой байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр: “Өвөр Монголын экологийн байдал ямар байх нь зөвхөн тус бүс нутгийн үндэстнүүдийн ард иргэдийн оршин тогтнох, хөгжих асуудалтай холбоотой төдийгүй Хятадын умард, зүүн хойд, баруун хойд бүс нутаг, цаашлаад үндэсний экологийн аюулгүй байдалтай холбоотой” гэж онцолж байв.
 
Эх орны умард хязгаарт орших энэхүү “Үзэсгэлэнт байгаль” нь зөвхөн нутгийн үзэмж төдийгүй, харин улс орны “ногоон хэрэм” юм. Тунгалаг ус, ногоон уулсаа хамгаална гэдэг нь зөвхөн байгалиа хэвээр нь хадгалж, уул усны сайхныг хамгаалахыг хэлэхгүй. Харин тухайн нутгийн онцлогт нийцсэн арга замаар экологийн давуу талаа эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болгон хувиргахыг хэлнэ.
  Бээжингээс Улаанцав руу хурдны галт тэргээр зорчиход замын хажуугаар өндөр салхин сэнснүүд эргэлдэж, нарны цахилгаан станцын хавтангууд эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Цахар нутгийн өндөр технологийн аж үйлдвэрийн бүсээр автомашинаар явахад өргөн замын хоёр талаар өгөгдлийн төвүүд, серверийн барилга байгууламжууд сүндэрлэж, өгөгдлийн урсгал чимээгүйхэн эргэлдэнэ.

“Ногоон цахилгаан эрчим хүч + сэрүүн уур амьсгал + Бээжинд ойр байршил” гэсэн давуу талдаа тулгуурлан, тал нутгийн энэ жижиг хот аж үйлдвэрийн хөгжлийн шинэ замыг нээжээ. Өдгөө тус хот “Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том хэмжээтэй, хамгийн хурдтай хөгжиж буй хиймэл оюун ухааны тооцоолох хүчний төвлөрлүүдийн нэг” болон хөгжиж, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байна.
   
Ногоон тооцоолох хүчний салбарын хөгжлийг харуулсан үзэсгэлэнгийн танхимд богино хэмжээний видео бичлэгээс эхлээд макет, үзүүлэн самбараас эхлээд бодит загвар хүртэлх зүйлсийг дарга Ши Жиньпин анхааралтай үзэж, нарийвчлан асууж лавлан, хөгжлийн ололт амжилтыг нь өндрөөр үнэлжээ. Тэрээр: “Хөгжлийн хурд маш өндөр байна. Ирээдүйн боломж ч их байна” хэмээн онцолсон юм.
 
“Үхэр, хонь, төмс гаргадаг” байснаас “ногоон цахилгаан эрчим хүч, тооцоолох хүчин үйлдвэрлэдэг” шинэ үе рүү шилжиж буй Улаанцав хотын өөрчлөлт нь тухайн нутгийн онцлогт тулгуурлан чансаатай хөгжлийн шинэ замыг нээсний бодит жишээ юм.
 
 
Дарга Ши Жиньпин 2018 онд XIII сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцохдоо: 
 
- Өвөр Монголын аж үйлдвэрийн хөгжлийг зөвхөн “Хонь, нүүрс, газрын ховор элемент, байгалийн хий” гэсэн уламжлалт салбаруудаар хязгаарлаж болохгүй. Шинэ үйлдвэрлэл, шинэ хөдөлгөгч хүч, эдийн засгийн өсөлтийн шинэ тулгуур цэгүүдийг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй гэж онцолж байлаа.
 
Дарга Ши Жиньпин 2023 онд Өвөр Монголд ажиллах үеэрээ: 
 
- Аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгохдоо эдгээр онцлог, стратегийн байр сууринд тулгуурлаж, давуу талтай, өвөрмөц онцлог бүхий салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, байгалийн баялагт түшиглэсэн бүс нутгийн хөгжлийн загварыг өөрчлөх шинэ замыг идэвхтэй эрэлхийлэх, Өвөр Монголын онцлог, давуу талыг тусгасан орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг түргэтгэх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.
  “Тал нутгийн үүлэн хөндий” гэж нэрлэгддэг Улаанцав хот нь ногоон цахилгаан эрчим хүчээр ногоон тооцоолох хүчийг дэмжиж, уул ус, байгалийн баялагтаа түшиглэн хуучин сэтгэлгээнээс салж, салхины эрч хүчийг ашиглах, ногоон эрчим хүчээр тооцоолох хүчийг бүрдүүлэх, тооцоолох хүчээр ухаалаг хөгжлийг дэмжих шинэ үзэл баримтлал руу шилжиж буй бөгөөд хөгжлийн логик үндсээрээ өөрчлөгдөж байна.


Шинжлэх ухаан, технологийн шинэ хөгжил, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ давалгаанд газар зүй, уур амьсгал, нөөц баялаг, байршил, соёл зэрэг хөгжлийн хүчин зүйл, нөхцөлүүд хоорондоо шинэ хэлбэрээр эрчимтэй нэгдэн зохицож байна.
 
Өнөөгийн Хятадын зүүн бүс нутагт шинжлэх ухаан, технологийн инновац төвлөрч, зах зээлийн идэвхжил өндөр байгаа ч эрчим хүчний хэрэглээний хязгаарлалт, орон зайн хүрэлцээгүй байдал зэрэг бэрхшээл тулгарч байна. Харин баруун бүс нутаг байгалийн баялаг ихтэй, өргөн уудам газар нутагтай боловч өмнө нь аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих боломж харьцангуй хомс байсан. “Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох” төслийг хэрэгжүүлж, улс даяар нэгдсэн тооцоолох хүчний сүлжээг байгуулах нь газар нутгийн хөгжлийн бүтцийг оновчтой болгож, бүс нутгуудын уялдаа холбоотой хөгжлийг дэмжих алсын хараатай стратегийн төлөвлөлт юм.
 
Энэ нь зөвхөн Өвөр Монголын Улаанцав хотоор хязгаарлагдахгүй. Гүйжөү мужийн Гүйян, Ниншягийн Хотон үндэсний Өөртөө Засах Орны Жүнвэй, Ганьсү мужийн Чинян зэрэг урьд нь алслагдсан хэмээн тооцогдож байсан газрууд өнөөдөр олны анхаарлын төвд эрчимтэй гарч иржээ. Урьд нь үл тоомсорлогдож, бүр сул тал хэмээн үзэгдэж байсан байгалийн нөөц, газар зүй, уур амьсгалын онцлог нь тоон болон ухаалаг эдийн засгийн эрин үеийн шинэ давуу тал болж хувирчээ.
 
Энэ нь зөвхөн тооцоолох хүчний салбарын байршлын зохицуулалтаар хязгаарлагдахгүй. Элсэн цөл, говь нутаг, цаст өндөрлөг, сүрлэг уулс, их мөрөн голууд... Улсын хэмжээний томоохон стратегиуд газар нутгийн хөгжлийн бүтцийг шинэчлэн өөрчилж, өргөн уудам Хятадын нутаг дэвсгэрт харилцан уялдаатай хөгжлийн томоохон зураглалыг дэлгэн харуулж байна.
 
Өнөөдөр далайд гарцгүй, томоохон гол мөрнүүдээс алс зайдуу Шиньжян гадаадад нээлттэй бодлогын тэргүүн фронтод тэмүүлж, уулсаар хүрээлэгдсэн Чунчин хот Баруун бүсийн эх газар, далайн шинэ коридорын бүтээн байгуулалтаар дамжин “Уул ус, далайг туулан” хөгжиж, Гуаншигийн Пинлүгийн татаал гол нь дотоод болон олон улсын эдийн засгийн хос эргэлтийн чухал стратегийн зангилаа болон хөгжиж байна. Улс орны эрх ашгийг эрхэмлэн, цаг үеийн боломжийг ашиглаж буй бүс нутаг бүрийн эрэл хайгуул, бодит үйл ажиллагаа Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн их урсгалд нэгдэн нийлж байна.

 


Редактор : Б.ХУРЦ
Сэтгүүлч : ЖҮ ЖИЧАЙ, ЖАН ЯНЬ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих