Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрлэлээ сэргээх үйл явцад тулгарах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр Хятадын олон нутгууд бүх хүчээрээ зохицуулалт хийж олон бодлогуудыг боловсруулан дэмжиж байна. Үүний улмаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятад улсад улам илүү итгэлтэй байна.
Японы YKK компани дэлхийн цахилгаан товчны зах зээлийн 45-аас дээш хувийг эзэлдэг, тус компани хэвийн ажилдаа орж үйлдвэрлэлээ сэргээгээд анхны захиалгын хамгаалалтын хувцасны 2.15 сая цахилгаан товчийг үйлдвэрлэн гаргажээ. Компанийн албаны хүн хэлэхдээ, Хятадын сар шинийн амралтаар олон ажилтан нь Сычуань, Хэнань, Гуанши зэрэг мужид амарч байсан учраас засгийн газраас тусгай автомашинаар компанид нь хүргэж ажилд нь оруулжээ. Засгийн газрын тусламж байхгүй бол анхны захиалгыг ийм хурдан үйлдвэрлэх боломжгүй байлаа гэжээ.
Засгийн газрын дэмжлэгтэйгээр Шэньжэнь дэх Америкийн Wal-Mart, Германы Siemens зэрэг компаниуд үйлдвэрлэлээ сэргээсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд 100 хувь ажилдаа ороод байна.
Гадаадын компаниудын үйлдвэрлэлээ сэргээхэд нь туслан дэмжих төдийгүй бизнесийн таатай орчинг бүрдүүлж, Хятад улсад хөрөнгө оруулах итгэлийг нь цаашид бататгаж байна. Тухайлбал 14-ний өдөр Старбакс 130 сая ам.долларын хөрөнгө оруулж, Кофи инновац үйлдвэрлэлийн баазаа Жянсү мужийн Күньшаньд байгуулсан юм. Энэ нь Старбаксийн Америкаас бусад газар оруулсан хамгийн их үйлдвэрлэлийн чанартай стратегийн хөрөнгө оруулалт болжээ.
Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжихийн зэрэгцээ үндэстэн дамнасан зарим компаниуд Хятад улсад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.
Хятадын Худалдааны яамны Судалгааны хүрээлэнгийн захирал Гү Шюемин хэлэхдээ, Хятадын засгийн газар тахлын хяналт, урьдчилсан сэргийлэх талаар үр дүнтэй мэргэшсэн, хурдтай ажилласан учраас гадаадын аж ахуйн нэгжүүд Хятад улсын засаглалын тогтолцоо, засаглалын загварын давуу талыг илүү ойлгон мэдрэх боллоо гэжээ.
Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 01-р сард Хятад улсад шинээр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай компани 3485 байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг 87.57 тэрбум юань ашигласан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар нэмэгдэж, ноднингийн тогтвортой өсөлтийн хандлагаа хэвээр хадгалсан юм.