Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Шагдарсүрэнгийн Эгшиг энэ удаагийн “Хятад судлаач” буланд маань уригдлаа.
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэж байна. Хятад хэлийг хэзээ анх сурч эхэлснээс яриагаа эхлүүлье гэж бодож байна?
Сайн, сайн байна уу? 1986 онд их сургуульд монгол хэлний ангид элсэн орсон. Тухайн үед нэгдүгээр курсээ төгсөөд оюутнууд гадаадад явж сурах эсвэл дотоодын сургуулиудад мэргэжил сонгон шилжин суралцах боломж гардаг байлаа. Нэгдүгээр курсээ төгсөөд хятад, япон хоёр хэлнээс сонгож сурах боломж гарсан юм. Ингээд хятад хэлийг сонгож, 1987 оноос хятад хэлийг сурч эхэлсэн дээ. Тэр үед бидэнд их том аз тохиож, Бээжингийн Хэл Соёлын Дээд Сургууль /Өнөөгийн Хэл Соёлын Их Сургууль болсон/-ийн Чэн Рундө багш албан ёсоор Монголд томилогдон ирж бидэнд хятад хэлийг зааж байсан даа. Тиймээс бид хятад хэлийг мэргэжилтэн багшаар анхнаас нь заалгасан их азтай оюутнууд байлаа.
- Хятад хэлийг Монголдоо эзэмшиж, Монголдоо бэлтгэгдсэн гэж ойлгож болох юм байна?
Тийм, тэр үед хятад хэлийг сурдаг хүн их цөөхөн байлаа. Манай анги зургаан оюутантай байсан. Жилийн жилд 5, 6, 7 оюутантай байдаг байлаа. Цөөхөн мэргэжилтэн бэлддэг байсан гэсэн үг. 1991 онд төгсөөд их сургуульдаа багшаар үлдэж ажилласан. Ер нь 1991 оноос хятад судлалд хөл тавьсан гэж болох юм.
- Хятад хэлийг сурахад хүнд хэцүү байв уу? Танд өөрийн гэсэн сурах арга барил байв уу?
Хүн хүн өөр болохоор өөр өөрийн арга барил байдаг л байх. Тэр үеийн оюутнуудын онцлог гэвэл одоогийнх шиг бүх юм нээлттэй байсангүй, сургалтын материал хэрэглэгдэхүүн их ховор байсан. 实用汉语课本(shí yòng hàn yǔ kè běn)гэдэг ногоон ном тухайн үед ирсэн байсан юм. Тэр ном ирсэн байна гэдэг маш чухал гэж багш нар маань ярьдаг байлаа. Яагаад гэвэл биднээс дээрх үеийн оюутнууд ЗХУ-ын Т.П.Задоенко болон Хуан Шу-Ин нарын “Хятад хэлний анхан шатны сурах бичиг” гэх орос оюутнуудад зориулсан орос хэл дээрх хятад хэлний сурах бичгээр хятад хэлийг анхлан үздэг байсан байгаа юм. Бидний хувьд хятадаар гаргасан сурах бичгээр сурч, дээр нь хятад мэргэжилтэн багшаар хичээл заалгаснаараа онцлог байсан. Багш нар маань юу заана багшийн зааснаар л явна. Чой.Лувсанжав, Ц.Базаррагчаа, Ч.Таамаа, Ж.Баясах, Д.Наран, Я.Ганбаатар зэрэг багш нар маань хичээл заадаг байлаа. Өгсөн даалгаврыг нэг бүрчлэн хийдэг байсан. Өдөрт нэг хичээл дээр 20 ханз үздэг бол тэр 20 ханзаа цээжилнэ, маргааш нь цээж бичиг хийж шалгуулна гээд багш нарын удирдлага дор л явдаг байжээ. Илүүг хийх цаг зав гардаггүй байсан. Учир нь даалгавар хангалттай их өгдөг байсан болоод тэр. Даалгавраа алдалгүй хийдэг байсан нь хятад хэлийг сурахад нөлөөлсөн болов уу.
- Хятад судлалын талд хүндрэлтэй тал нь юу байна вэ?
Одоо бол хүндрэлтэй гээд байх юм байхгүй болсон мэт санагддаг. Бүх зүйл боломжтой сайхан болсон цаг. Хувь хүний оролдлого хичээл зүтгэл ямар байхаас л шалтгаална. Орчин үед “Хятад судлал”-ын чиглэлээр ямар ч сэдвээр юу ч бичсэн боломжтой болсон гэж боддог.
- Ер нь Хятадыг тэр, энэ талаас нь судалбал зүгээр гэсэн чиглэл байдаг уу?
Хятадыг аль ч талаас нь судалж болно. Чиглэл чиглэлээр судалдаг судалгааны хүрээлэн, их дээд сургууль байна. Миний бодлоор хэрэв хятад судлаач бол хятад хэлээ маш сайн эзэмшсэн байх нь хамгийн чухал. Хятад хэлийг сайн сурч эзэмшээд, тухайн ард түмний соёл, уламжлал нь юу гэдгийг маш сайн ойлгодог болно. Тэр үндсэн дээр цааш нь ямар ч чиглэлээр судалгаа хийсэн тэрхүү хятад хэлний мэдлэг нь суурь болж явдаг байх. Гол зүйл нь эртний хятад хэлийг сайн сурах явдал юм болов уу гэж боддог. Эртний хятад хэлгүйгээр Хятадын хэл соёл, түүхийг гүнзгий судлахад амаргүй л болов уу.
- Хятад судлалын чиглэлээр хийгдсэн таны маш олон сайхан бүтээлүүд байсан. Таны судалгааны чиглэл?
Нэг их олон талд самгардалгүй яг таг барьсан нэг, хоёр чиглэлтэй байх ёстой гэж миний хувьд үздэг. Тэр чиглэлдээ гүнзгийрч орох нь чухал. Гэхдээ миний хандлага олон сэдвээр бичих гэж үздэг олон талд самгардсан байх талтай. Нэг сэдвээр бичих гээд энд тэндээс судалгааны шинжилгээний хэрэглэгдэхүүн үзэж байхад нэг тийм чухал гэмээр үндсэн юм тодорч гарч ирдэг.Одоогийн миний хийж байгаа хоёр чиглэл бий. Нэг нь орчуулга судлал юм. Орчуулгыг судалдаг ухааныг орчуулгын ухаан, орчуулгазүй гэж ярьж байна. Тэр чиглэлд ганц хятад хэлний орчуулгын судалгаа биш бүхий л гадаад хэлний орчуулгын судалгаанд хандах ёстой болж байгаа юм. Орчуулгазүй бол шинэ тутам хөгжиж байгаа хэлшинжлэлийн нэг салбар ухаан болно.
2013 оноос “Бүс ба зам” санаачилга гарч эхэлсэн. Анх эхлэхдээ “Бүс ба зам” хэмээх ойлголт ухагдахуун байгаагүй, “Торгоны замын эдийн засгийн шинэ үзэл баримтлал” гэсэн нэртэйгээр гарч ирсэн. Яг тэр үеэс нь эхэлж хэдэн өгүүлэл бичиж байлаа. Яагаад ч юм Хятадын гол бодлогын юм энэ байх шиг байна гэдгийг мэдэрсэн ч гэх юм уу. Одоо харахад энэ төрийн бодлого нүдэн дээр хөгжиж байна. “ХХI зууны Далайн торгоны зам”, “Евроазийн хуурай газрын торгоны зам” гэж байгаад “Бүс ба зам” санаачилга гэдэг нэртэй болжээ. “Ши Жиньпиний Төр улсыг засах тухай” номын орчуулгын багт орж ажиллахад зайлшгүй нэр томьёо гэх мэт бүх зүйлтэй нь холбогдох хэрэг гарч байгаа юм.
Үүнээс өмнө “Цайны зам”-тай л холбогдсон. “Цайны зам”-ын чиглэлээр аялал жуулчлалын шинэ брэнд гаргах талд Хятадын талаас ч санал тавьж, мөн манай хойд хөрш ОХУ болон манай улсын нэгдсэн гурван улсын нэг том ажил хэрэг эхлэх болсон юм билээ. Монгол Улсад энэ талаар хийсэн судалгаа байхгүй байсан тул үндсэн суурь судалгаа хийж өгөхийг 2011 онд Байгаль Орчин, Аялал жуулчлалын Яамнаас санал болгож, Л.Маналжав /Монгол Улсын Гавьяат Багш/ багштайгаа тэр судалгааны төсөл дээр ажиллаж “Цайны зам” гэж юу вэ гэдгийг мэдэж авсан гэж болно. Тэр судалгаа түүхэн үндсэн шалтгаантайгаар цайны худалдаа хэрхэн үүссэн, хэрхэн хөгжсөн, гурван орны ард түмэнд хэрхэн нөлөөлсөн зэргийг судалгаагаар тодруулж байв. Яваандаа ажиглаад байхад “Цайны зам”-ын судалгаа, брэнд хөгжүүлэлт хоёр хөршид маань эрчимтэй яваад байгаа. Тэгээд Торгоны замын шинэ үзэл баримтлалтай “Цайны зам”-ыг холбох боломжтой эсэх дээр санал дэвшүүлсэн ганц нэг өгүүлэл бичсэн. Иймээс “зам”, “замын чиглэл” бол миний хоёр дахь судалгааны чиглэл болж байна. Мэдээжийн хэрэг, бүх салбар чиглэлд судалгаа шинжилгээ хийгээд байхад болохгүй зүйл байхгүй.
- Та орчуулга судлалаар судалгаа хийж байна. Тэгвэл манай хоёр талын орчуулгын чанарын асуудалд ямар хүндрэл бэрхшээл оршиж байна вэ?
Бидний судалгаа бол орчуулгыг хэлшинжлэлийн салбар ухаан талаас нь судалж байгаа явдал юм. Орчуулгын ухаан өөрөө маш олон салбар чиглэлд хуваагддаг. Түүний нэг нь орчуулгын чанарын асуудал юм. Чанарын асуудал дотроо юуг багтаах вэ гэхээр шүүмж судлал, сургалт судалгаа, хянан шүүх редакцын асуудал, бүр цаашилбал хэвлэн түгээгч нарын үйл ажиллагаа хүртэл чанарын асуудалд орно. Тиймээс хэвлэлийн компаниуд тэрхүү орчуулгын чанарын асуудалд чухал үүрэгтэй. Хятад улс болон барууны орнуудад тэр асуудлыг маш сайн зангидаж байна. Хэвлэлийн газар нь зохиолоо болон орчуулагчаа сонгоно гэх мэтээр чанартай байх асуудлыг өөрсдөө хариуцдаг болохоор тэд маш сайн ажилладаг. Энэ нь эргээд тэдний ном борлуулалт буюу ашиг орлоготой нь холбоотой болохоор тэр юм. Манайд хэн дуртай нь орчуулж, дурын хэвлэлийн компани, хэвлэх үйлдвэрт хэвлүүлэн зах зээлд гаргаж байна. Тиймээс үндсэндээ чанарын асуудал орхигдоод байгаа юм.
- “Ши Жиньпиний Төр улсыг засах тухай” номын орчуулгын багт оролцлоо гэж ярилаа?
Тус номын нэгдүгээр ботийн монгол орчуулга энэ 2019 оны 08-р сарын 30-ны өдөр нээлтээ хийсэн. Хятадад одоо гуравдугаар боть нь гарч байна. Нэгдүгээр боть нь 2015 оны үед гарч байсан. Гарах үеэр нь зэрэгцээд манай багийн удирдагчийн санаачилга зүтгэлээр нэгдүгээр ботийн орчуулгыг бид эхэлсэн. Тэр үед дэлхийн гол гол хэл дээр орчуулагдаад гарсан байсан юм. 2016 оны сүүл гэхэд ерөнхийдөө орчуулгын ажил дууссан хэдий ч нээлтээ хийхгүй байж байгаад сая албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёрдугаар ботийн орчуулгын ажлыг бид хийж дуусгаад хүлээлгэн өгсөн байгаа. Одоо редакторын түвшинд хяналтад явж байна. Гуравдугаар боть орчуулах үүрэг мөн бидэнд ирэх болов уу гэж бодож байна.
- Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа маш их сайжирч байгаа. Хятад судлаачийн хувьд харахад аль талд бидний харилцаа илүү сайжирч байна вэ?
Хятадын бодлогын ерөнхий байдлаас харахад бүх салбарт хөгжүүлэх ялангуяа соёл, хүмүүнлэгийн салбарт илүү их анхаарал тавьж байгаа юм болов уу. Гэхдээ өмнөх хэдэн жилийн тухайд, бодит байдал дээрээ хоёр орны харилцаа дэд бүтцийн салбарт илүү их хөгжиж байгаа харагдаж байсан юм. Ялангуяа зам тээвэр, логистикийн шугамаар тээврийн зүйлсийг туршиж үзэх, төмөр зам, авто замаар ачаа бараа тээх гэх мэтээр Орос, Монгол, Хятад гурван орныг дамнасан их ажил өрнөж байна. Соёл, хүмүүнлэгийн салбар одоо эрчимжих хандлагатай болж байгаа. Ер нь зэрэгцээд ирж байгаа юм уу гэсэн хандлага надад харагдаж байна. Яагаад гэвэл БНХАУ байгуулагдсаны 70 жилийн түүхт ой, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил шинэ номын нээлт, кино долоо хоног, гэрэл зургийн үзэсгэлэн, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, судалгааны аялал гэх мэтийн хүмүүнлэгийн чиглэлийн хамтарсан хөтөлбөр маш ихээр хэрэгжиж байна.
- Хамгийн сүүлд Хятад орныг хэзээ ямар ажлаар зорив?
Энэ оны 07-р сарын 26-наас 28-ны хооронд Хятадын Жанчхүү хотын Шүан Ү дүүрэгт Хэбэй мужийн Багшийн Их Сургуулиас зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирсэн. Өвлийн Олимпын хотоор Бээжин ба Жанчхүү /Чуулалт хаалга хот/ хот шалгарч, 2022 оны өвлийн олимпын эрхийг авсан учир Жанчхүү хотынхон хотоо сурталчлах, өөрийн түүхийг судлах шаардлагатай болсон байна. “Цайны зам”-ын нэг гол боомт, нэг цэг нь Хаалган хот ч гэгддэг Жанчхүү хот мөн. 200 гаруй жилийн тэртээгээс худалдаачид цай, торго зэрэг тансаг барааг тээвэрлээд Хүрээ /Улаанбаатар/-ээр дайрч, хойд талдаа Хиагтад хүрч байсан. Энэ чиглэл бол түүхт “Цайны зам”-ын хамгийн гол чиглэл байсан гэж судлаачид үздэг юм. Жанчхүү хотынхон хотын түүхээ өөрсдөө сайн мэдэхгүй, тэр талын судалгаа хомс, хангалтгүй гэж үзсэнээс зөвхөн хятад судлаачид биш бусад гадаад орны судлаачдыг урьж ирэн юу гэж үзэж буйг нь мэдэх үүднээс хурлыг зохион байгуулжээ. Ингээд хоёр салбар хуралдаан хийсний нэг нь хотын түүх соёлын чиглэлээр байсан бол нөгөө нь өвлийн олимпын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар Шинэ Зеланд, Францаас мэргэжилтнүүд урьж ирүүлэн өвлийн олимпыг зохион байгуулахад чухал зүйлсийн талаар зөвлөлдсөн хуралдаан бас болсон.
- Монгол Улсаас урд хөршид суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Оюутнуудын сургалтын чанарын талд таны бодол?
Ази судлалын хурлыг Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Боловсролын Их Сургууль гэсэн гурван сургууль жил бүр ээлжлэн явуулдаг. Өнгөрсөн 05-р сард болсон хурал дээр Олон Улс Судлалын Хүрээлэнгийн доктор (Ph.D), профессор Н.Ариунгуа Хятадын боловсролын байдал буюу Монголд үзүүлж байгаа нөлөөний талаар илтгэл тавьсан. Албан бүртгэлээр бараг 9000 орчим оюутан Хятад улсад сурч байна гэсэн тоо гарчээ. Тэр оюутнууд төгсч ирээд хаана орж ажилладаг, ямар чиглэлээр суралцаад ирж байгаа судалгаа одоогоор байхгүй байгаа талаар дурдсан. Мөн хэр зэрэг чанартай бэлтгэгдэж байна вэ гэсэн асуудлуудыг хөндөж ярьсан. Яг ямар чиглэлээр төгсч ирснийг бүртгэхийн зэрэгцээ улс орныхоо ямар ямар салбарт яаж яаж хуваарилах вэ гэдгийг ч ярих ёстой юм болов уу гэдэг санаа гарсан. Дотоодод мөн хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа. Манай сургуулиас гэхэд жилд 40 гаруй оюутан төгсөн гардаг, бусад сургуулиас мөн тэр хэмжээний оюутан бэлтгэгдэн гарч байна гэвэл 200 орчим оюутан дотоодод жил бүр бэлтгэгдэж байна. Ийм олон мэргэжилтэнтэй ч зах зээлийн багтаамж тийм их бус, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан байгаа. Чанарын асуудал бол тулгамдсан асуудал яах аргагүй мөн.
- Залуу судлаачид хэр зэрэг бэлтгэгдэж байна вэ?
Залуу судлаачид сүүлийн үед маш их болж байгаа. Манай тэнхимд арван хэдэн багш байна. Багш нар маань бүгд өөр өөрийн гэсэн судалгааны чиглэлтэйгээр судалгаагаа хийгээд явж байна. Миний шавь нар байна. Монгол Улсын Их Сургууль бусад их дээд сургууль, судалгааны байгууллагад судлаачид маш их байгаа. Хамгийн гол нь тэр судлаачдыг зангиддаг мэргэжлийн холбоод, судалгааны чиглэл нь ямар байгаа нь гэхээс биш судалгааны ажил маш эрчимтэй явагдаж байгаа гэж бодож байна.
- Сүүлийн үед хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар бидэнтэй хуваалцаач?
Хятад судлаач болсныхоо хувьд хэрэгтэй ганц бүтээл бичиж үлдээх юмсан гэсэн хүсэл санаа байдаг. Жишээлбэл, хэлшинжлэлийн салбарт монгол, хятад хоёр хэл нэг нэгэндээ хэрхэн нөлөөлсөн талаарх асуудал их сонирхолтой санагдаж байгаа. Яагаад гэвэл амьд хэлний материалууд дотор маш их зүйл хадгалагдаж байдаг. Түүхэнд бичигдээгүй мөртөө тэр дундаас нь гаргаж авдаг. Хэл шинжлэл өөрөө хийсвэр юм шиг их сонирхолтой шинжлэх ухаан шүү дээ. Бүх салбарт холбогддог. Тиймээс ийм зүйлийг гаргаж ирвэл их сонирхолтой юм байна гэж дотроо бодож явдаг. Цаг заваа гаргаад яваандаа нэг бүтээл гаргана гэж найдаж байна. Мөн орчин үеийн судалгааны чиглэлээр, бүс нутаг судлалын болон “Цайны зам”-ын чиглэлээр бичиж байгаа.
- Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Та бүхэнд маш их баярлалаа. Солонго сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.