Дэлхийн оюутны спортын зуны 31 дүгээр Универсиад наадам БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн төв Чэндү хотноо 2023 оны долоодугаар сарын 28-ны баасан гарагийн орой ёслол төгөлдөр эхэллээ.
Цар тахлын улмаас хоёр жилээр хойшлогдоод байсан Чэндүгийн Универсиад наадам эхэлснийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхий дахинд зарлан тунхагласан юм.
Наймдугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлэх оюутны спортын энэ их наадамд дэлхийн 113 улс орны 6500 орчим оюутан тамирчин спортын 18 төрлөөр авхаалж самбаа, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөнө.
Универсиад наадам нь дэлхийн залуучуудын спортын арга хэмжээ төдийгүй соёлын солилцооны чухал талбар, дэлхийн залуучуудын эв нэгдэл, нөхөрлөлийн баяр юм.
Залуусын хүчээр дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн нийтэд тулгарч буй сорилтуудыг эв санааны нэгдлээр даван туулахын тулд Дэлхийн оюутны спортын наадмын үзэл санааг улам бүр түгээн дэлгэрүүлж, дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин наадмын нээлтийн ёслолд оролцохоор ирсэн хүндэт зочдыг баасан гарагт хүлээн авч уулзах үеэрээ уриалсан байна.
Залуус харилцан ойлголцох, харилцан суралцах замаар харилцан адилгүй соёлыг ойлгож, дэлхий дахины эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд залуучуудын харилцан ойлголцлыг бэхжүүлж, солилцоог гүнзгийрүүлэх нь чухал болохыг Ши Жиньпин онцолсон байна.
Түүнчлэн нийгмийн хөгжил, улс орны хөгжил цэцэглэлтэд ард иргэдийн эрүүл мэндийн үүрэг оролцоо нэн чухал болохыг тэрбээр цохон тэмдэглээд “Спорт нь ард түмний эрүүл мэндийг сайжруулах, сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг биелүүлэх, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг дэмжих чухал арга зам юм” гэжээ.
2012 онд болсон Хятадын Коммунист Намын XVIII Их хурлаас хойш Хятад улс нь спортын үйлсэд ихээхэн ач холбогдол өгсөөр байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд тус улс тив, дэлхийн хэмжээний олон томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, цар тахлын амаргүй үед буюу өнгөрсөн онд “Бээжин-2022” Өвлийн олимп болон паралимпын наадмыг амжилттай зохион байгуулснаар тус улс мөс болон цасны спортоор 300 сая хүнийг хичээллүүлэх зорилтоо бодит ажил хэрэг болгож, илүү олон хүнийг өвлийн спортын хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болгосон билээ.
Аварга хулсны баавгай, амтат хоол, аагтай цайгаараа алдартай Чэндү хот нь 21 сая оршин суугчтай бөгөөд нийт оршин суугчдын 45 гаруй хувь нь 14-45 насныхан байна. Тиймээс тус хотыг “залуусын хот” гэдэг бөгөөд энэ наадам нь Чэндүгийн залуус төдийгүй Чэндүд хуран цуглаад буй дэлхийн залуучуудын спортоор хичээллэх урам зоригийг улам бүр бадрааж өгөх нь гарцаагүй.
Мөн Чэндүгийн Универсиад наадам нь дэлхийн залуу тамирчид, их дээд сургуулийн оюутнуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, соёл иргэншил хоорондын солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох хүчин чармайлтыг ахиулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж Хятад улсын холбогдох албаны хүмүүс болон шинжээчид үзэж байна.