Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаров энэ сарын 24-нд тус улсад айлчилж буй ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.

Садыр Жапаров хэлэхдээ, Хятадтай хөгжүүлэх харилцаа нь Киргиз Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Киргизийн тал Хятад улсын язгуур ашиг сонирхлоо хамгаалахыг тууштай дэмжинэ гэв. Тэрээр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад–Киргиз–Узбекистаны төмөр зам зэрэг томоохон төслүүдийг урагшлуулахын зэрэгцээ Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага болон Олон улсын эвлэрүүлэн зуучлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, НҮБ болон Хятад–Төв Азийн механизм зэрэг олон талт хүрээнд хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо бэхжүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.
Ван И БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжилж, Киргиз Улс тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг Хятад улс тууштай дэмжиж, үндэсний онцлогтоо нийцсэн хөгжлийн замаа сонгон хэрэгжүүлэхийг нь үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг бодитоор хэрэгжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, Хятад–Киргизийн хувь заяаны хамтын нийгэмлэгийн суурийг улам бататгах хүсэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Мөн Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бишкек хотын дээд хэмжээний уулзалтыг Киргизийн тал амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтдаа ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Киргиз Улсад айлчлах хугацаандаа Ван И мөн тус улсын гадаад харилцааны сайд Жээнбек Кулубаевтай хэлэлцээ хийж, Хятадаас Ош хот дахь Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг сэргээх ёслолд хамтран оролцжээ.


































































