
07-р сарын 25-нд БНСУ-ын Пусан хотноо болсон Дэлхийн өвийн 48 дугаар чуулганаар БНХАУ-аас нэр дэвшүүлсэн “Жин Дэ Жэний шаазангийн үйлдвэрлэлийн гар урлалын өв” ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-д албан ёсоор бүртгэгдэж, Хятадын 61 дэх Дэлхийн өв боллоо.
Энэ нь Хятад улс аж үйлдвэрийн өв ангиллаар Дэлхийн өвд анх удаа нэр дэвшүүлсэн тохиолдол бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “шаазан” сэдэвт өв анх удаа бүртгэгдсэн явдал юм. Ингэснээр торго, цайны соёлтой хамт эртний Хятадын гадаад худалдаа, соёлын солилцооны гурван том бэлгэ тэмдэг Дэлхийн өвийн хүрээнд бүрэн төлөөлөлтэй боллоо.
Жин Дэ Жэнь хот нь Хятадын Жянши мужид байрладаг бөгөөд “Шаазангийн нийслэл” хэмээн алдаршсан газар юм. Энэ удаа бүртгэгдсэн “Жин Дэ Жэний шаазангийн үйлдвэрлэлийн гар урлалын өв” нь X–XIX зууны хооронд бүрэлдэн хөгжсөн гар аргаар шаазан үйлдвэрлэх тогтолцооны төлөөлөх дурсгалуудыг хамардаг. Тус өв нь Хятадын шаазан үйлдвэрлэлийн гар урлалын технологи, шаазан урлалын хөгжил, үйлдвэрлэлийн шинэчлэлийн үйл явцыг бүрэн харуулж, мөн Хятадын шаазангийн үйлдвэрлэл дэлхийн шаазан урлалын хөгжил, соёл иргэншлийн харилцан солилцоонд чухал хувь нэмэр оруулсныг гэрчилдэг.
Өвийн бүрэлдэхүүнд шаазан үйлдвэрлэлийн төвүүд, эртний зуухны туурь, шаазангийн шаврын уурхайн үлдэгдэл, зуухны түлш бэлтгэдэг бүс зэрэг аж үйлдвэрийн дурсгалууд багтжээ. Эдгээр нь түүхий эд олборлолт, шаазан үйлдвэрлэл, шатаалт, түлшний хангалт, худалдаа түгээлт зэрэг гар аргаар шаазан үйлдвэрлэх бүх дамжлагыг бүрэн харуулсан үйлдвэрлэлийн сүлжээг бүрдүүлдэг. Өвийн үндсэн бүсийн талбай 1,979 га, хамгаалалтын бүсийн талбай 5,545.7 га юм.
Сүүлийн жилүүдэд Жин Дэ Жэнь хот энэхүү өвийг хамгаалахын зэрэгцээ дижитал үзүүлэн, хуучин үйлдвэрийн өвийг шинэ зориулалтаар ашиглах зэрэг шинэлэг арга барилыг нэвтрүүлж, олон зууны түүхтэй шаазангийн өвийг хүмүүсийн өдөр тутмын амьдралтай улам ойртуулж байна.
“Жин Дэ Жэний шаазангийн үйлдвэрлэлийн гар урлалын өв” Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэнээр энэхүү олон зууны турш тасралтгүй хөгжиж ирсэн соёлын өлгий нутаг илүү өндөр түвшний, иж бүрэн хамгаалалтын тогтолцоонд хамрагдаж, нээлттэй байр сууриа хадгалан дэлхийтэй харилцан ойлголцлыг бэхжүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн олон талт хөгжил, тогтвортой хөгжлийг дэмжих Дорнын мэргэн ухаанаа цаашид ч үргэлжлүүлэн түгээх болно.


































































