
“COVID-19” халдвартай тэмцэхэд зориулж Монгол Улсад БНХАУ-аас 830 мянган юаний үнэ бүхий эд материалын тусламжийг 28-ны өдөр хүлээлгэн өглөө. Үүнд 5000 N95 амны хаалт, 5000 эмчилгээний амны хаалт, 5016 түргэн оношлуур болон 1000 хамгаалалтын хувцас багтаж байна.
Монгол Улсад тусламж илгээж буй нь дэлхий нийтэд халдвар тархаж эхэлснээс хойш хоёр улс хамт байж, харилцан нэг нэгнээ дэмжиж ирсний илрэл гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тусламжийг халдварын эсрэг тэмцэж буй төрийн байгууллагын албан хаагчдад олгоно хэмээгээд:
- БНХАУ-д “COVID-19” анхлан дэгдэхэд монгол хүн бүрийн сэтгэл түгшиж байсан. Гэхдээ БНХАУ-ын төр засаг, ард түмэн тархалтыг хяналтдаа авч, олон мянган хүнийг эдгээж чадсан. Энэ нь Монголын төр засаг, ард түмэнд халдварыг зогсоож чадна гэсэн итгэл өгч байна гэж хэлэв.
Түүнчлэн Монгол, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийг тасралтгүй үргэлжлүүлэхийг чухалчлан ажиллах цаг болсныг дурдлаа.

Коронавирусний халдвар нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хүнд сорилт. Хятадын ард түмэн нэгдсэн удирдлага дор эв санаа нэгдэн тэмцсэний хүчинд халдварын тархалтыг тогтоон барьсан гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй хандив гардуулах үеэрээ онцлов.
Тэрбээр:
- Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж, асар их сэтгэлийн болон эд материалын дэмжлэг олгосон. Бидний өнөөдрийн амжилт монголчуудын дэмжлэгтэй салшгүй холбоотой. Монгол Улсын Засгийн газар “COVID-19” халдвартай тэмцэж, дотооддоо тархаахгүй барьж чадаж байгаа. Хятадын төр засаг, ард түмэн монголчуудтай хамт байх болно гэдгээ илэрхийлж байна гэсэн байна.
Тусламжийн багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх баримт бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюежюнь нар гарын үсэг зурлаа.





























































